Д.Дашням: Цагдаагийн байгууллага иргэнийг удаан хугацаагаар саатуулах боломжгүй. 7 хоног хорьсон гэдэг мэдээлэл худал
ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хонгилд 6 шөнө 7 өдөр хоносон талаар иргэн Х.Номинцэцэг өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл энэ талаар ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс тодруулав.
ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Д.Дашням "МУ-д хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд иргэнийг цагдаагийн байгууллага дээр удаан хугацаагаар саатуулах, хонуулах ямар ч боломжгүй. Тухайн иргэнийг 7 хоног хорьсон гэдэг нь худлаа мэдээлэл байна.
Цагдаагийн байгууллага иргэний дуудлага мэдээллийг хүлээж аваад авто эргүүлийн алба хаагч нар дуудлага мэдээллийн газар очихоос авхуулаад энгэрийн камерын бичлэгийг хийгээд тухайн иргэнийг цагдаагийн байгууллагад авчраад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаа явагдах явцад Улсын ерөнхий прокурорын баталсан стандартыг хангасан мэдүүлэг байцаалтын дуу дүрсийг шаардлага хангасан мэдүүлгийн өрөөнд байцаалт авдаг.
ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст "2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр иргэн Сонинцэцэг гэгчээс "Х" гэх компани тамга тэмдэг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулаад орлого олж байна. Үүнийг шалгаж өгнө үү" гэсэн гомдол ирсэн. Энэ дагуу 2022 ондоо цагдаагийн байгууллага гомдол мэдээллийн бүртгэлд аваад прокурорын хяналтанд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд тодорхой санал гаргаад прокурорын байгууллагад танилцуулсан. Прокурорын байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд өнөөдрийн байдлаар эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Мөн энэ оны нэгдүгээр сарын 1-ээс хойш цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд Хан-Уул дүүргийн 3-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Х гэх компанийн үйл ажиллагаатай холбоотой удаа дараагийн давтамжтай дуудлага мэдээлэл тодорхой нэр бүхий иргэдээс ирсэн.
Нэр бүхий иргэд гэдэгт өнөө өглөөний хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөөд байгаа иргэн Х.Номинцэцэгийн дуудлага мэдээллүүд ч багтсан. Мөн Х гэх компанийн тодорхой оролцогч Б гэх иргэнээс ч дуудлага мэдээллүүд ирсэн. Цагдаагийн байгууллагаас дуудлага мэдээллийг хүлээж аваад шинж, өнгө төлөв, гэмт хэргийн зөрчлийн шинжийг агуулж байгаа хэлбэрээр нь ангилж ялгаад гэмт хэргийн шинж агуулж байгааг нь гэмт хэргийн гомдол бүртгэлд, зөрчлийн шинжийг агуулж байгааг зөрчлийн гомдол мэдээлэлд авсан. Шалгаж байгаа." гэв.









