“The MongolZ“ шөвгийн дөрөвт шалгарахын төлөө баасан гарагт Туркийн “Eternal Fire“ багтай тоглолтоо хийнэ
Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа эрэмбэлэгддэг "Intel Extreme Masters Katowice 2025"-ийн хэсгийн шатны тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. Манай улсын The MongolZ баг В хэсэгт хоёр удаа хожиж, плей-оффт шалгарсан.
Өнөөдөр /2025.02.05/ шөнийн 01:30 цагт В хэсгээсээ нэгдүгээр байраар гарахын төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Украины "Natus Vincere" багтай тоглож, хожигдол хүлээлээ.
Тус тоглолтын эхний map-ыг Navi баг сонгож, "Mirage" дээр тоглолтоо эхлүүлсэн. Үүний дараа The MongolZ-ийнхний сонгосон "Ancient" дээр тоглолт үргэлжилж 2:0 гэсэн харьцаатайгаар ялагдлаа хүлээлээ. Ийнхүү тэд "IEM Katowice 2025" тэмцээний шөвгийн наймд Туркийн "Eternal Fire" багийн эсрэг 11 мянган хүний суудалтай "Spodek" цэнгэлдэх хүрээлэнд Баасан гарагийн 22:45 цагт тоглохоор боллоо. Энэ тоглолтод "The MongolZ" баг хожвол шөвгийн дөрөвт Францийн "Team Vitality" багтай энэ сарын 8-ны 22:45 цагт тоглох болно.
Өмнө нь энэ хоёр баг нийт таван удаа оноолт таарч тоглоход "The MongolZ" гурав, "Eternal Fire" хоёр удаа хожиж байжээ.









