С.АМАРСАЙХАН: Монгол Улсад нийт 6693 стандарт мөрдөгдөж байгаагаас 44.8 % нь олон улсын стандартын түвшинд хүрсэн
Стандарт, хэмжил зүйн салбарынхан чууллаа Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 3-4 өдөр нийслэл хотод зохион байгуулагдаж байна.
Зөвлөгөөнд Стандарт хэмжил зүйн газар болон 21 аймгийн хэлстийн дарга, ахлах мэргэжилтнүүд хамрагдаж, хийсэн ажил, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээ хэлэлцэж, цаашдын зорилтоо тодорхойлж байна.
Стандарт хэмжил зүйн салбарын удирдлагууд нэн тэргүүнд хууль эрх зүйнг орчинг сайжруулах зорилтыг дэвшүүлээд байгаа аж. Дээрх ажлын хүрээнд энэ онд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх юм байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь салбар дундын зохицуулалтыг бий болгох, стандартыг иргэн, хуулийн этгээд даган мөрдөх, төрийн хяналт шалгалтыг илүү боловсронгуй болгох, тохирлын үнэлгээний байгууллагын эрх үүргийг тодорхой болгоход оршиж байгаа юм.
Тус сургалт, зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, “Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжилд Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагаа”-ны талаар танилцуулж, мэдээлэл хүргэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг улс-Нэгдсэн Стандарт” хөтөлбөр хэрэгжүүлэх, бүтээн байгуулалт, мега төслийг дэмжих, технологид суурилсан инновацийг бий болгохын тулд олон улсын стандартыг нутагшуулах, Хэмжил зүй, сорилт туршилтын лабораторийн техникийн чадавхийг нэмэгдүүлэх зорилтуудыг тусгасан байна. Энэ хүрээнд стандартчилал, хэмжил зүйн салбарын цаашдын хөгжилд түлхэц үзүүлэх, салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэх, хүн амын эрүүл, аюулгүй амьдрах орчныг хангах зорилгоор “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-ын хаврын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгааг Шадар сайд онцоллоо.
Манай Улсад өнөөдрийн байдлаар нийт 6693 стандарт мөрдөгдөж байгаагаас 44.8 хувь нь олон улсын стандартын түвшинд хүрсэн байна. Мөн стандарт, хэмжил зүйн салбарын ажил үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн баталж, мөрдөн ажиллаж байна. Өнгөрсөн онд тухайн салбарт 3,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг батлуулсны үр дүнд эталон тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, Монгол Улсад анх удаа хийн тоолуур шалгаж баталгаажуулах лабораторитой болжээ.
Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь пестицидийн үлдэгдлийг 100 хувь тодорхойлж, хүнсний аюулгүй байдлыг хангах нөхцөлийг сайжруулсан. Цаашлаад орон нутгийн төсвийн санхүүжилтээр 11 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэст 484 сая төгрөгийг шийдвэрлүүлж, шинээр физик химийн болон уртын хэмжих хэрэгслийг шалгаж баталгаажуулах лабораторитой болсон байна.









