Л.Болдбаатар: Сүүлийн 30 жилд ТҮРЭЭСИЙН БИЗНЕСТЭЙ хүмүүс маш олон орон сууцтай атлаа татвар төлдөггүй
“Татварын багц хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд “Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/" сэдэвт хэлэлцүүлэг болж байна.
"Очирболд" сургалтын төвийн багш Л.Болдбаатар "Сүүлийн 30 жилд ТҮРЭЭСИЙН БИЗНЕСТЭЙ хүмүүс маш олон орон сууцтай атлаа татвар төлдөггүй. Хоёроос дээш байртай хүнээс үл хөдлөх хөрөнгийн орлогын албан татвар авдаг. Олон зуун орон сууцтай хүмүүсийн түрээсийн орлогоос татвар авч байгаа гэсэн кэйс байна уу?" гэв.
ТЕГ-ын Дотоод аудитын газрын дарга Д.Сайханчулуун "2-оос дээш орон сууцтай иргэдийн судалгааг гаргасан. Татварын программаас үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулаад явж байгаа. Дүүргийн татварын албанд үл хөдлөх хөрөнгийн албан татварын тасаг гэж бий. Энэхүү тасгийн байцаагч нар татварт хамрагдуулах ажлыг хийдэг.
Орон сууцны түрээсийн орлогоос татвар авах ажлыг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг. Татвараас зугтах үндсэн арга нь "танил тал, ах дүүдээ тус дэм болж, хамаатан садан дүү нар амьдардаг" гэсэн тайлбар өгөөд түрээсийн орлогын албан татвар төлдөггүй" гэв.









