Эхний ээлжийн газар хэдийнэ дууссан ч танд боломж байна
Нийслэлийн иргэдийн сонирхлыг ихэд татаж талархлыг хүлээсэн, бүр хүлээлт үүсгээд байсан цахимаар газар өмчлөх ажил эхлээд хэд хоногийн нүүр үзэж байна.
Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 хороонд Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд Соёондын ам, Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд Эрдэнэтолгой, Багануур дүүргийн IV хороонд Тариан булгийн I хэсэг, Багахангай дүүргийн II хороонд Бор-Үзүүр гэсэн таван байршлын 1524 га газрыг нийслэлийн 14954 иргэнд өмчлүүлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн юм.
Ингэснээр дээрх байршлуудад газраа өмчлөхөөр нийслэлийн Өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтаар орж, хүсэлтээ явуулсан иргэдийн тоо 18 мянгад хүрчээ.
Бүртгэл эхэлснээс хойш уг системд таван сая орчим хандалт ирснээс хэдийнэ эхний ээлжийн 14954 иргэний тоог гүйцээгээд байгаа аж. Монгол Улсын хүн амын тооноос ч давсан хандалт онлайнаар орж ирсэн учир хэт ачаалал үүсэж, системийг гацааж байснаас иргэдийг нэлээд бухимдуулж, зарим хүн бүртгүүлж чадахгүй байгаа аж. Гэсэн ч бүртгэл энэ сарын 15-ны 12.00 цаг хүртэл үргэлжилжтүрүүлж бүртгүүлсэн, эсэхийг үл харгалзан сонгон шалгаруулах тул хүлээцтэй байхыг тус газраас анхааруулсан юм.
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс цахимаар газар өмчлөхтэй холбоотой иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултад хэрхэн хариулсныг бид та бүхэндээ дахин сонордуулж байна.
-8 дугаар сарын 1-нээс эхэлсэн цахим бүртгэл хэд хоног үргэлжлэх вэ?Цагийн хязгаар байгаа юу?
2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн үдийн 12 цагт эхэлж, хуанлийн 15 хоног үргэлжилнэ. Иймд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн мөн үдийн 12 цагт хааж, тасалбар болгоно.
-Газар хамтран эзэмшдэг бол хүсэлтээ гаргаж болох уу?
Газар урьд нь нэг удаа үнэгүйгээр дангаараа, эсвэл хамтран өмчилсөн иргэд цахим системд хандах боломжгүй. Хэрэв газар дангаараа, эсвэл хамтран эзэмшиж байгаа нөхцөлд газар өмчлөх тухай хүсэлтийг цахим системд илгээж болно.
-Нэг гэр бүлийнхэдэн ч гишүүн хүсэлт гаргаж болох уу?
Нийслэлд 2013 оны 05 дугаар сарын 30-наас өмнө бүртгэлээ баталгаажуулсан нийслэлд бүртгэлтэй, урьд нь газар өмчилж байгаагүй бүх насны иргэд хүсэлт гаргах боломжтой.
- Одоо харяалагдаж байгаа дүүрэгтээ л хүсэлт гаргах уу? Эсвэл хамаагүй юмуу?
Дээрх шаардлагыг хангасан бүх иргэд оршин суугаа дүүргээс үл хамааран зарлагдсан аль ч байршлаас сонголт хийж, хүсэлтээ гаргах боломжтой.
-НИТХ-аас баталсан 52 байршилд хүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан газар өмчлөх хүсэлтээ гаргаж болох уу?
Болно.
-Дараагийн байршлуудад газар өмчлөх ажил хэзээнээс эхлэх вэ?
Цаг нь тодорхойгүй байгаа. Эхний 5 байршлын газар өмчлөлийн бүртгэл, баталгаажуулалтын ажил эцэслэн дууссаны дараа дараагийн байршлуудын эхлэх хугацааг зарлана.
- Нэг байршилд хэд хэдэн хүн хүсэлт гаргасан бол сонголтыг хэрхэн хийх вэ?
Нэг байршилд хүсэлт гаргасан иргэд нь өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тооноос их байгаа нөхцөлд программ автомат үйлдлээр санамсаргүйгээр сонголт хийж, нэгж талбарын өмчлөх эрхийг сонгоно.
- Нийслэлд 52 байршлаас бусад газарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтааргазар өмчилж болох уу?
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай болон Газрын тухай хууль тогтоомжийн дагуу 52 байршилд газар өмчлүүлэхээс бусад хэлбэрээр газар өмчлөн авах боломжтой. Нээлттэй.
-Газар өмчлөх эрхээ авсан иргэн газрын гэрчилгээгээ яаж авах вэ?
Журмын дагуу газар өмчлөлийн цахим системээс газар өмчлөхөөр сонгогдсон тухай хариу хүлээн авсан иргэн нь ажлын 10 хоногт багтаж дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж өргөдлөө хуульд заасан материалын хамт цаасаар өгөх ёстой. Тэгснээр тодорхой хугацааны дараа газар өмчлөх шийдвэрээ гардаж авах боломжтой.