Тэргүүн хамба лам “Гүем” сургуульд зочлов
Өчигдөр буюу 1 сарын 18-ны өдөр МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Унгарын Будапешт хотноо үйл ажиллагаагаа явуулж буй “Гүем” сургуульд зочиллоо.
“Гүем” сургууль нь Унгарт амьдарч буй монгол иргэдийн үр хүүхдүүдэд монгол хэл, соёл, уламжлалыг өвлүүлэн үлдээх зорилгоор байгуулагдсан бөгөөд долоо хоног бүрийн бямба гарагт монгол хэл, түүх, урлаг, соёл зэрэг хичээлүүдийг заадаг. Тус сургуулийг ерөнхий боловсролын 112 сургуулийн захирал, доктор Г.Жалсрайжамц болон Бүжинлхам нар Унгарт суралцаж байхдаа санаачлан үүсгэн байгуулжээ.
Айлчлалын үеэр сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд тэргүүн хамба ламтай уулзаж, түүний сургаал номыг сонссон юм. Хамба лам сурагчдад хичээл зүтгэлтэй байж эрдэм боловсролдоо шамдан суралцахын чухлыг онцолж, үнэт сургааль айлдсан байна.
Монгол болон Унгарын сүсэгтнүүдийн хүсэлтээр тэргүүн хамба лам Аюуш бурхны насны авшиг хайрлалаа. Мөн энэ үеэр Унгарын бурхны шашны сүсэгтнүүд Итгэл, Анхдугаар Жавзандамба хутагт, өндөр гэгээн Занабазарын зохиосон “Цагийг уншиж тохинуулах” залбирлыг уншсан нь онцлог үйл явдал боллоо.
Тэргүүн хамба ламын Бүгд Найрамдах Унгар Улсад хийсэн айлчлал үр дүнтэй болж өндөрлөлөө гэж Гандантэгчинлэн хийдээс мэдээлэв.