ФОТО: Ураны хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улс уран олборлож эхлэхээр боллоо
Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд дөнгөж сая талууд гарын үсэг зурлаа.
Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол”компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурлаа.
"Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь том төслөө хөдөлгөж чадлаа"
Гэрээнд гарын үсэг зурсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эрхэм хүндэт монголчуудаа, эрхэм хөрөнгө оруулагчид аа. Монгол Улс ураны төсөлд хөрөнгө оруулах гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын за бол андгай хэмээх эцэг, өвгөдийн үг бий. Энэ бол нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрх зүйн хувьд тогтвортой гэсэн үг юм.
Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг дагаж мөрдөх болно оо. БНФУ бол манай улсын 3 дахь хөрш, Европ дахь дотно түнш юм.
Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан гэрээгээ дагаж мөрдөх болно. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад улс төрийн бүхий л дэмжлэгийг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, эрхэм парламентын гишүүд, зөвшилцсөн парламентад суудалтай улс төрийн намын дарга нар, эрдэмтэн судлаач нартаа Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Хамтарсан Засгийн газар ийнхүү гурав дахь том төслөө хөдөлгөж чадлаа." гэв.
Зөөвч-Овоо нь Монголыг дэлхийн ураны зах зээлд “ТОМООХОН ТОГЛОГЧ“ болгоно
БНФУ-ын Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн " 2023 оны тавдугаар сард Ерөнхийлөгч Эммануэль Макрон Франц Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн анхны айлчлалыг хэрэгжүүлсэн. Мөн оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Парист хариу айлчлал хийсэн. Манай хоёр улсын Ерөнхийлөгч нарын хоёр талын харилцаанд оруулсан эрчим нь үр дүнгээ өгсөн.
Дээрх айлчлалуудаас хойш хоёр жилийн дотор бид манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр жилийн дотор хоёр талын харилцаанд шинэ эрч хүч өгөх, шинэ агуулгаар баяжуулах түүхэн хэлэлцээрт гарын үсэг зурж байна.
Зөөвч-Овоо орд нь дэлхийн 10 томоохон ордын нэг. Энэ орд нь Монголыг дэлхийн ураны зах зээлд томоохон шинэ тоглогч болгоно. Энэ орд Дорноговь аймаг, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал түлхэц үзүүлнэ." гэдгийг онцлов.
"Монгол Улсад хөгжлийн түүхэн эхлэл тавигдаж байна"
"Эрдэнэс монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт ""Орано Майнинг" группийн Монгол дахь төлөөлөгч тухайн гэрээг хэлэлцэх явцад харилцан ойлголцож, харилцан буулт хийж, гэрээг амжилттай болгоход ихээхэн хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж байна. Засгийн газраас үр дүн мэдээлсэн Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн санд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж болон ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын эрхэм гишүүддээ талархал илэрхийлж байна.
Мөн энэ гэрээг эцэслэн боловсруулах хэлэлцээрийн явцад идэвхтэй ажилласан гадаад, дотоодын зөвлөх компаниуддаа талархал илэрхийлье. Эцэст нь, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хий ялгарал багатай хөгжлийг бий болгох эрхэм үйлсэд Монгол Улс бодитой хувь нэмэр оруулах түүхэн эхлэл тавигдаж байгааг онцлон тэмдэглэж байна." гэв