Зах, худалдааны төвүүдэд борлуулагдаж буй жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн “Пестицид“-ийн үлдэгдэл илэрчээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы 2024.12.04- ний өдрийн 113 дугаар тушаалаар Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж буй мах махан бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногооны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан.
Хамтарсан ажлын хэсэг 2024.12.12-2024.12.25 ны өдрийн хооронд Нийслэлийн Амгалан зах, Баялаг ундраа, Баянзүрх зах, Хүчит шонхор, Наран туул-2, Хархорин худалдааны төв болон 21 аймгийн зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийлээ. Энэхүү хяналт шалгалтын явцад илэрсэн дүнг холбогдох албаныхан танилцууллаа.
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦАД “ХАБҮЛЛ” ЯВУУЛЫН ЛАБОРАТОРИ АЖИЛЛУУЛЖ ЖИМС, ХҮНСНИЙ НОГООНООС ДЭЭЖ АВЧ ШИНЖЛЭХЭД ОЛОН ТӨРЛИЙН ПЕСТИЦИДИЙН ҮЛДЭГДЭЛ ИЛЭРЧЭЭ
Лабораторийн шинжилгээгээр жимс, хүнсний ногоонд агуулагдаж буй Пестицидийн үлдэгдлийг хянасан байна. Хяналт шалгалтаар нийслэлийн зах худалдааны төвүүдэд борлуулагдаж байгаа жимс, хүнсний ногооноос 44 нэр төрлийн Пестицидийн үлдэгдэл илэрчээ. Үүний 39 нэр төрөл нь манай улсын стандартад бүртгэгдээгүй Пестицид байсныг ХАБҮЛЛ-ийн захирал О.Нандин-Эрдэнэ онцолж байна. Олон улсад мянга гаруй нэр төрлийн Пестицид байдгаас манай улс 221 нэр төрлийн Пестицидийн үлдэгдлийг хянах боломжтой байна.
СТАНДАРТ ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР ХУДАЛДАА ЭРХЛЭГЧДИЙН ЖИН ХЭМЖҮҮРТ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХЭД:
- Загварын туршилтад хамрагдаагүй хэмжих хэрэгсэл ашигласан- 21
- Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан- 46
- Хэмжих хэрэгслийн баталгааны лацны бүрэн бүтэн байдал алдагдсан-9 зөрчил илэрсэн тухай СХЗГ-ын дарга С.Батбаатар танилцууллаа.
ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ
Амгалан зах, Баялаг-Ундраа, Баянзүрх зах, Хүчит шонхор, Наран туул-2, Хархорин худалдааны төвийн хүнсний лабораторид хяналт, шалгалт хийхэд Зургаан лабораторийн тав нь итгэмжлэгдээгүй зөрчил илэрсэн байна.
- Махны дээжээс авсан шинжилгээний хариу гараагүй байхад худалдан борлуулж байсан
- Нийслэлийн мал эмнэлгийн газар улиралд нэг удаа хяналтын дээж шинжилдэг, хяналтын хугацаа хэт хол
- Лаборатори нь Итгэмжлэгдээгүй байхад иргэдээс мөнгө авч шинжилгээ явуулдаг
гэх мэт зөрчил илэрсэн талаар Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ танилцууллаа.
МАЛ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГААС НИЙСЛЭЛИЙН ДОЛООН ХУДАЛДААНЫ ТӨВД БОРЛУУЛАГДАЖ БАЙГАА МАХ МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭС ДЭЭЖ АВЧ ШИНЖИЛСЭН БАЙНА.
Үхрийн мах, Хонины мах, Ямааны мах, Адууны мах, Тэмээний мах, дайвар бүтээгдэхүүнээс нийт 58 сорьц авч, гурван төрлийн шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр ноцтой зөрчил илрээгүй байна. Харин
- Махны хадгалалт, худалдаалалтын үеийн температурын хяналт тавьж, бүртгэл хөтлөөгүй
- Ажиллагсад зориулалтын ажлын хувцас, малгай, бээлий өмсөөгүй
- Худалдаанд хэрэглэх сав, суулга, хутга, багаж хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлэх тусдаа цэггүй
- Махыг эвдэж жижиглэж шулах байрны ханын зарим хэсгээрээ хуурч унасан, цэвэрлэж халдваргүйжүүлэхэд тохиромжгүй
- Худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлгийн лабораторид орох хэсэг оффисын ажилчдын өрөөтэй давхацсан, урсгал буруу
гэх мэт зөрчил илэрсэн талаар МЭЕГ-ын Мал Эмнэлгийн Хяналт Баталгаажуулалтын газрын дарга Б.Батсүх танилцууллаа.
Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.
- Хүнсний аюулгүй байдал, чанар стандартад анхаарч цаашид хяналт шалгалтыг тогтмолжуулах
- Итгэмжлэгдээгүй хүнсний лабораториудад шаардлага тавьж, Итгэмжлэх
- Шаардлагатай стандартыг шинэчлэн батлах
- Пестицидийг илрүүлэх нэр төрлийг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцүүлэн ажиллах
- Хүнсний зах худалдааны төвүүдэд шаардлага тавьж, хариуцлага тооцох гэх мэт арга хэмжээ авч цаашид төлөвлөгөө гаргаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.