“Утааны сонсгол“-д оролцох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах гэж байна. Сонсголд иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцох боломжтой.
Ерөнхий хяналтын сонсголын сэдэв:
- “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн үр дүн, шийдэл’’
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
- Оролцох хүсэлтэй иргэн, хуулийн этгээд нь хүсэлтээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бичгээр ирүүлэх боломжтой. Иргэн хүсэлтдээ өөрийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг, холбогдох утасны дугаарыг бичиж гарын үсэг зурсан байна. Хүсэлтийг цахим шуудангаар ирүүлж болно.
- Оролцогч нь санал, тайлбар, мэдээллээ сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
Иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, санал, тайлбарыг хүлээж авах:
- Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар /Лавлах утас: 51-261440/
- Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ сонсгол болохоос ажлын нэгээс доошгүй өдрийн өмнө цахимаар эсхүл шуудангаар Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлнэ.
Хэвлэл, мэдээллийн байгууллагыг бүртгэх:
- Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Лавлах утас: 51-262946/
Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна.
Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна.









