Гадаад улсын иргэдэд давуу байдал олгосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 16-наас 20-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 44495, мөрдөн байцаалтын 2490 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 434 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,
- Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 180,
- Өмчлөх эрхийн эсрэг 106,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 95,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 12,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11,
- Хүний амьд явах эрхийн эсрэг 10,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 8,
- Авлига, албан тушаалын 7,
- Мөрийтэй тоглоом зохион байгуулах 5 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас Баян-Өлгий аймгийн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөрчил шалган шийдвэрлэх үүргээ зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга С.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын мэргэжилтэн нарын боловсруулсан хуулийн төслийн ажил, холбогдох материалыг бусдад өгч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
Дундговь аймгийн прокурорын газраас сумын засаг дарга А.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, Амьтны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчин, гадаад улсын иргэдэд орон нутгаас амьтан барих эрхийг олгож, давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Эх сурвалж: УЕПГ