Эмнэлгийн тусламж үзүүлээгүй эмчид яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2024 оны 12 дугаар сарын 02-ноос 06-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43949, мөрдөн байцаалтын 4202 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 324 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 145, Өмчлөх эрхийн эсрэг 84, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 74, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 4 хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас иргэн Б.Б, О.О нар нь насанд хүрээгүй хүүхдийн эмзэг байдлыг далимдуулж, хүч хэрэглэхээр заналхийлж, эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн А.А, Т.Т, Б.Б нар нь зөвшөөрөлгүйгээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс Ховор ургамлын жагсаалтад багтсан Сибирь хуш модны үр болох 47.8 кг самрыг түүж, тээвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Баянгол дүүргийн прокурорын газраас эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо, эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгийн эмч И.Д нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 /Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд тус тус шилжүүллээ.