ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарын хэргийг шүүнэ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.12.05/ болж байна. Тэрбээр хэрэг шийдвэрлэтэл Монгол Улсын хилээр зорчих хоригтой байгаа гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Түүнийг 2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Харин АТГ-аас Д.Нямхүүг 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг шамшигдуулж, компьютер томографын аппарат ХӨСҮТ-д өндөр үнэтэй худалдсан гэх зэрэг мэдээллүүд гарч байсан юм.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бархүү, Д.Нямхүү нарт холбогдох хэргийг 2024 оны аравдугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, яллагдагч нарын өмгөөлөгчид болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийн дагуу хянан хэлэлцэж, шүүх хурлыг товлосон юм.