Платформоор дамжуулан үйлдэгдэж буй гэмт хэргийг таслан зогсооход хамтран ажиллана
Цагдаагийн Ерөнхий газраас Санхүүгийн Зохицуулах хороотой “Олон талт хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа.
Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хороо түүний зохицуулалтын салбарын мэргэжлийн холбоод цахим орчинд иргэдэд үйлчилгээ үзүүлдэг платформоор дамжуулан үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад хамтран ажиллах зорилгоор Санхүүгийн Зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар хоорондын олон талт хамт ажиллагааны “Санамж бичиг”-ийг байгууллаа.
Хамтран ажиллах санамж бичигт Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч, бригадын генерал Т.Сүхболд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Зохицуулалтын салбарын мэргэжлийн холбоодын төлөөллүүд энэ оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарын үсэг зурж, албажуулснаар хүчин төгөлдөр болов.
Энэхүү үйл ажиллагаанд Монголын Даатгалын холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, Монголын Даатгалын зуучлагчдын холбоо, Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо, Монголын биржүүдийн нэгдсэн холбоо, Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо, Монголын даатгалын зэх зээлийн холбоо, Монгол үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хадгаламж зээлийн хоршооны үндэсний холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр нэгдсэн холбоо, Монголын мөнгөн зээлийн үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоод санаачилга гарган оролцож байгаа юм.
Санамж бичгийн хүрээнд Цагдаагийн байгууллагын болон Санхүүгийн зохицуулах хороо, түүний зохицуулалтын салбарын мэргэжлийн холбоодын ажилтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, зохицуулалтын салбарын мэргэжлийн холбоодын үйлчилгээ үзүүлдэг цахим платформ, шинэ технологи, виртуал хөрөнгийн салбарыг энэ төрлийн гэмт хэрэгт урвуулан ашиглах эрсдэл зэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, иргэд олон нийтэд хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл олгох, шаардлагатай мэдээллийг харилцан солилцох зэрэг нөлөөллийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.