А.Мөнхцэцэг: Бакалаврын боловсролтой иргэд мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдаж, цагдаагийн байгууллагад ажиллах боломжтой

2024 оны 11 сарын 21

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хүний нөөцийн нөхөн хангалт, сул орон тоонд иргэдийг хэрхэн судалж, томилж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэгээс тодрууллаа.

Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Цагдаагийн байгууллагын хүний нөөцийн нөхөн хангалтын талаар яриагаа эхлүүлье.

Та бүхэнд болон уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Цагдаагийн байгууллагаас мэргэшсэн алба хаагчдыг бэлтгэх, алба хаагчдын ур чадварыг сайжруулах зорилгоор олон талт үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Үүний нэг нь Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8-д заасны дагуу цагдаагийн албаны хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн Дотоод хэргийн их сургуулийн “Мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөр”-т “Цагдаа судлал”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Албаны сэтгэл судлал”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, Эдийн засгийн мөрдөгч”, “Экологийн аюулгүй байдал” чиглэлээр захиалга өгч, хүний нөөцөө бүрдүүлэн ажиллаж байна.

“Мэргэшүүлэх 2 жилийн сургалтын хөтөлбөр”-ийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

Цагдаагийн байгууллагаас дээд боловсролтой иргэдэд зориулсан 2 жилийн сургалтын хөтөлбөрт 2017-2018 оны хичээлийн жилээс Дотоод хэргийн их сургуульд захиалга өгч, 2019-2024 оны хугацаанд төгссөн нийт 154 суралцагчийг ажлын байраар хангаад байна.

Энэхүү хөтөлбөр нь бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан хөтөлбөр юм. Тухайн иргэн уг хөтөлбөрт хамрагдсанаар танхимын 80, танхимын бус 10, нийт 90 багц цагийг судлах юм. Тодруулбал, танхимын хичээлээр  онол, танхимын бус сургалт нь удирдамж төлөвлөгөөний дагуу цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх, тодорхой чиглэлийн судалгааны ажил хийж гүйцэтгэх чиглэлээр явагддаг.

Тавигдах шалгуур үзүүлэлт юу байх вэ?

Энэхүү Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах иргэдэд бакалаврын зэрэгтэй, сэтгэцийн хувьд эрүүл, бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн хувьд илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй, бие бялдрын зөв хөгжилтэй шивээсгүй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй, биеийн өндөр эрэгтэй 165 см, эмэгтэй 160 см-ээс багагүй, 25 хүртэл настай, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байгаагүй, жолооны А, В ангиллын үнэмлэхтэй байх нийтлэг шаардлага тавигдаж байгаа.

Мөн дээрх шаардлагаас гадна тухайн чиглэлд хамаарах хөтөлбөрөөр “Эрх зүй”, “Эдийн засаг”, “Сэтгэл судлал”, “Нягтлан бодох бүртгэл”, “Санхүү, банк, даатгал”,  “Байгалийн шинжлэх ухаан”, “Математик, статистик”, “Мэдээлэл харилцаа холбооны технологи”, “Инженерчлэл”, “Хөдөө аж ахуй, мал эмнэл зүй”,  “Эрүүл мэнд”, “Цэрэг, батлан хамгаалах” зэрэг бакалаврын боловсрол эзэмшсэн, дипломын голч 2.6 онооноос дээш байх тусгай шаардлага тавигддаг юм.

“Мэргэшүүлэх 2 жилийн хөтөлбөр”-т хамрагдсанаар цагдаагийн алба хаагчидтай ижил чиг үүрэг гүйцэтгэх үү?

Тийм ээ. “Цагдаа судлал”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал”, “Албаны сэтгэл судлал”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, Эдийн засгийн мөрдөгч”, “Экологийн аюулгүй байдал” чиглэлээр суралцаж, амжилттай төгссөнөөр мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ. Ингэснээр цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж, офицер бүрэлдэхүүнд орж зохих ажлын байраар 100 хувь хангагдана.

Мөн энэхүү хөтөлбөрт хамрагдаж, Цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцох, сургалтын болон дүрэмт хувцасны зардал, нийгмийн даатгалыг төрөөс хариуцах, суралцах хугацаанд цолны цалин авах, цэргийн алба хаасанд тооцохоос гадна богино хугацаанд суралцах боломжтой нээлттэй хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрт хаана хандаж, хэрхэн хамрагдах боломжтой вэ?

Дотоод хэргийн их сургуулиас дээд боловсролтой иргэдэд зориулсан хоёр жилийн мэргэшүүлэх бакалаврын сургалтын хөтөлбөрүүдийг сурталчлах уулзалт, өдөрлөгийг энэ оны 11 дүгээр сарын 18-27-ны өдрүүдэд Монгол Улсын төрийн өмчит их, дээд сургуулиудад зохион байгуулахаар төлөвлөж, өнөөдрийн байдлаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулиудад хуваарийн дагуу зохион байгуулаад байна.

Төлөвлөгөөний дагуу цаашид Монгол Улсын Их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулиудад зохион байгуулах юм.

Та бүхэн сургалтын хөтөлбөр, өдөрлөг, уулзалтын хуваарьтай Дотоод хэргийн их сургуулийн вэйб сайт, фэйсбүүкийн пэйж хуудсаар орж танилцах боломжтой.

Ярилцсанд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660266
0 эможи

keyboard_arrow_up