АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР цагт 18 м.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай ХҮЧИЛТӨРӨГЧИЙН бэсрэг үйлдвэртэй боллоо
Эрүүл мэндийн яамны дэмжлэг, Глобал сангийн санхүүжилтээр өнөөдөр Амгалан амаржих газрын “Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр" ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Тус үйл ажиллагаанд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч Ж.Нарангэрэл, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд болон Амгалан амаржих газрын эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Төслийг нээж Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд хэлсэн үгэндээ “Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2024-2025 онд хэрэгжүүлэх нэмэлт санхүүжилт, буцалтгүй тусламжийн хүрээнд Амгалан болон Хүрээ амаржих газарт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах тушаал гарсан. Энэ хүрээнд өнөөдөр сүүлийн үеийн технологиор тоноглогдсон хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй боллоо.
Өмнө нь бид гаднаас буу хүчилтөрөгч үйлдвэрлэгч байгууллагатай гэрээ хийж, долоо хоног бүр хүчилтөрөгчөө худалдан авч, дотоодын хэрэгцээгээ хангадаг байсан бол тус үйлдвэр ашиглалтад орсноор эмнэлгийн дотоод хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй эмч, эмнэлгийн ажилчид, үйлчлүүлэгчдэд зориулсан хүчилтөрөгчийн өрөөг ашиглалтад оруулахаар болсон.
Төслийн гүйцэтгэгч компани болох Нью Терравокс ХХК-иас эмнэлгийн эмч, ажилчдад зориулан сургалтыг зохион байгуулсан бөгөөд цаашид үйлдвэрийн үйл ажиллагаан дээр анхаарч ажиллана.” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
Эрүүл мэндийн яамны хүсэлтээр Глобал сангийн дэмжлэгтэйгээр нийслэлд үйл ажиллагаагаа эрхэлж буй төрөх газруудыг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болгох төсөл хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр төслийн анхны үйлдвэр ашиглалтад орж байна. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Амгалан амаржих газар хүчилтөрөгчөө гаднаас худалдан авах шаардлагагүй болж, иргэдэд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэх бүрэн боломжтой болж байна.
Хүчилтөрөгчийн эмнэлгийн тусгайлан тохижуулсан хоолойгоор мэс заслын тасаг болон бусад шаардлагатай өрөөнүүдэд хүчилтөрөгчийг шууд нийлүүлэх боломжтой болсон.
Үүнээс гадна Хүрээ амаржих газарт мөн төслийн хүрээнд хүчилтөрөгчийн үйлдвэр байгуулагдсан бөгөөд тун удахгүй ашиглалтад орно.
Тус хүчилтөрөгчийн үйлдвэр нь цагт 18 м.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай, автомат ажиллагаатай үйлдвэр бөгөөд уг үйлдвэрт хүчилтөрөгчийн баллон цэнэглэх компрессор суурилагдсан тул компрессорийн тусламжтайгаар зөөврийн хүчилтөрөгчийн баллоныг өөрөө цэнэглэх боломжтой. Хойшид энэ төрлийн бүтээгдэхүүн худалдан авах хэрэгцээг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.