ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Эдийн засаг хөгжлийн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Өчигдөр буюу 2024.11.19-ний өдөр Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ холбогдох албан хаагчдын хамт ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам болон Эдийн засгийн хөгжлийн яамны Монгол дахь эдийн засгийн атташе ДОГДОМЭ Баир Владимирович, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Монгол дахь төлөөлөгч ЮРЧЕНКО Вероника Юрьевна нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд Итгэмжлэлийн байгууллагын оролцоо, хоёр орны Итгэмжлэлийн байгууллагын хамтран ажиллах санамж бичиг байгуулах, оролцогч талуудын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцсон юм.
Энэ үеэр Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ "Монгол, Оросын худалдааны эргэлт 2024 оны наймдугаар сарын байдлаар 1.704.9 сая ам.доллар, үүнээс Монголын экспорт – 63.7 сая ам.доллар, импорт – 1,641.2 сая ам.доллартай тэнцсэн дүнтэй байна. Манай улсын ОХУ-тай хийх экспортын гол бүтээгдэхүүнд зэсийн хүдэр, баяжмал, гянт болдын хүдэр, баяжмал, молибдены хүдэр, баяжмал, сүлжмэл гадуур цамц, үхэр, адууны мах, жонш, лейцит, нефелин ба нефелин сиенит, чулуун нүүрс зэрэг ордог.
Харин импортын гол бүтээгдэхүүнд газрын тосны бүтээгдэхүүн, ачааны автомашин, улаан буудай, азотын бордоо, цахилгаан эрчим хүч, суудлын тээшийн ачааны өөрөө явагч биш вагон зэрэг орж байна.
ОХУ-ын Итгэмжлэлийн байгууллагын тэргүүлэх чиглэлд Монгол Улс ордог. Иймд Монгол Улс, ОХУ-ын Итгэмжлэлийн байгууллагууд харилцан ойлголцлын санамж бичгээ шинэчлэн байгуулж, худалдаанд учирч болох асуудлуудаа нарийвчлан тусгах саналуудыг солилцож, нэг ойлголтод хүрэх шаардлагатай байна." гэдгийг онцоллоо.
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Монгол дахь төлөөлөгч ЮРЧЕНКО Вероника Юрьевна:
ОХУ-ын Итгэмжлэлийн байгууллагаас тэргүүн эгнээнд хамтарч ажиллах улс бол Монгол Улс юм. Бидний зүгээс уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хамтарсан ажлуудыг зохион байгуулах, Халал стандартыг нэвтрүүлэх, стандартуудыг ижилтгэх, стандартад тавьж буй шаардлагыг нэг түвшинд хүргэх асуудлыг Итгэмжлэлийн байгууллагууд Стандартын байгууллагуудтай хамтран ажиллах хүсэлтэй байна.
Уулзалтаар энэ оны 12 дугаар сард болох хоёр орны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хурлаар “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулах ажлыг шуурхайлан шийдвэрлэхээр талууд тохиролцлоо.