Factcheck: “Мах их идэх нь кальци алдагдуулж, өвдөг өвдөх шалтгаан болдог“ гэх мэдээлэл ХУДАЛ

2024 оны 11 сарын 12

Arslan.mn

-МОНГОЛЫН БАРИМТ ШАЛГАХ ТӨВӨӨС  нягталсан мэдээллийг хүргэж байна-

Ерөнхий агуулга:

250 гр мах идэхэд 1400мг кальци алддаг гэх агуулга бүхий ярилцлагыг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн:

Уургийн өндөр хэрэглээ кальцийн алдагдалд хүргэдэг гэх судалгаа бий ч сүүлийн үеийн судалгаагаар уургийн хэрэглээний үед кальци болон бусад эрдсийг зохих хэмжээгээр хэрэглэх нь ясанд илүү тустай болохыг харуулсан.

2024 оны гуравдугаар сарын 10-нд Ulsturch.mn – Улстөрч.мн нэртэй хуудаснаас “А.МӨНХӨӨ: Өдөрт 250 гр мах идэхэд 1400 мг КАЛЬЦИ АЛДДАГ” гэх тайлбартайгаар ярилцлагын хэсгийг нийтэлжээ. Тус бичлэг дээр “Мах их ихэд нь кальци алдагдуулж өвдөг өвдөх шалтгаан болдог” гэх текстийг оруулжээ. Бичлэгийн агуулгад “Малжих үндэстэнд өвдөг нь их өвддөг… Өвдөг өвдөх махтай холбогдолтой. Яагаад махтай холбоотой вэ гэвэл, 250 гр мах л идэхэд хүний бие 1400 мг кальци алдагдуулна. Мах идвэл кальци их алдана, кальци их алдагдвал яс сийрэгжинэ. Яс сийрэгжвэл ясаа бэх болговол ясныхаа хоёр талын ясжуулна…” хэмээн дурдсан ба өвдөгний үеийн эргэлт муу байна, таргалсны улмаас өвдөг өвдөх, өвдөгний мөгөөрсний гэмтлийн тухай мөн дурдаж, шим тэжээлийн тэнцвэр, дасгал хөдөлгөөний тухай ярьжээ. Тус мэдээллийг дахин идэвхжүүлж, түгээсээр 8.1 мянган реакц авч, 5.1 мянган удаа цааш хуваалцаад байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

  • Уургийн хэт их хэрэглээ нь кальци шимэгдэхэд хүргэдэг гэх судалгаа бий ч уургийн хэрэглээний үед кальци болон бусад эрдсийг зохих хэмжээгээр хэрэглэх нь ЯСАНД САЙН нөлөөлдөг үзүүлдэг болохыг харуулсан судалгаа мөн бий. 250 гр мах идэхэд 1400гр кальци алддаг гэж нарийн дүгнэлт гаргасан судалгаа байхгүй.

Хуучирсан судалгаануудад хүнснээс авах уураг ясанд эсрэг нөлөөтэй гэсэн байв

  • 1998 онд Хоол тэжээлийн сэтгүүлд хэвлэгдсэн “Илүүдэл уураг ясанд сөргөөр нөлөөлдөг” гэх судалгаагаар уураг ихтэй хоолны дэглэм нь хүчиллэг агууламжтай тул шээсээр кальциа алддаг гэх дүгнэлт гаргажээ.
  • 1994 Британийн Биоанагаахын шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд “уураг, натрийн хлорид, архи, каффейны  байнгын өндөр хэрэглээ нь ясны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг”  болохыг харуулжээ.  
  • 1985 онд 35-59 насны 85,900 эмэгтэйд хийсэн “Эмэгтэйчүүдийн уургийн хэрэглээ ба яс хугарал” судалгаагаар өдөрт 95 гр уургийн хэрэглээтэй эмэгтэйчүүдийн шуу хугарах эрсдэл өдөрт 68 граммаас бага уураг хэрэглэгдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад нэмэгдсэн болохыг тогтоожээ. Долоо хоногт тав буюу түүнээс дээш порц улаан мах иддэг эмэгтэйчүүд болон долоо хоногт нэг болон түүнээс бага улаан мах иддэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад шуу хугарах эрсдэл нь нэмэгджээ.
  • 2003 хийсэн “Амьтан, ургамлын уураг ба хүний ясны эрүүл мэнд: бүхэл хүнсний хандлага” судалгаанд амьтны болон ургамлын гаралтай цэвэршүүлсэн уургийн хэрэглээг нэмэгдүүлэх нь шээсний кальцийн хэмжээг ихэсгэдэг тухай дурдсан байна. Мөн уг судалгаанд амьтны болон ургамлын гаралтай хоол хүнсний ясанд үзүүлэх нөлөө уургаас гадна хоол хүнсний бусад шим тэжээлтэй холбоотой гэдгийг дүгнэлтдээ тусгажээ.

Сүүлийн үеийн судалгаануудад хүнснээс авах уураг ясанд эерэг нөлөөтэй гэж гаржээ

Яс сийрэгжилтийн эсрэг Европын сан болон Ясны өвчлөлийн олон улсын нэгдсэн холбооны “Яс сийрэгжилтийн эсрэг олон улсын байгууллага”-ын албан ёсны сайтад ургамлын болон амьтны гаралтай уураг аль аль нь яс, булчинг бэхжүүлдэг тухай мэдээлжээ.

2014 онд хийсэн “Хоолны уураг нь кальцийг хангалттай хэмжээгээр хэрэглэх нөхцөлд ясны эрүүл мэндэд тустай: эмнэлзүйн судалгааны шинэчлэл” судалгаагаар уургийн хэрэглээний үед кальцийг зохих хэмжээгээр хэрэглэсэн нөхцөлд ясанд тустай хэмээн дүгнэжээ.

65-аас доош насны 342 насанд хүрэгчдэд хийсэн “Өндөр настай эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн уургийн хэрэглээ болон ясны алдагдлын харьцаанд кальцийн хэрэглээ нөлөөлөх нь”судалгаагаар уургийн өндөр хэрэглээ нь зөвхөн кальци болон Д амин дэмийн нэмэлт тэжээлийн үед эерэг нөлөө үзүүлдэг болохыг тогтоосон байна.

Сүүлийн үеийн эпидемиологийн судалгаагаар уураг их хэмжээгээр хэрэглэх нь ясны эрдэс нягтралд эергээр нөлөөлж, ясны хугарлын эрсдэлийг бууруулдаг болохыг харуулж байгаа тухай 2017 онд нийтлэгдсэн “Хоолны дэглэм дэх уургийн өндөр хэрэглээ ба уурагтай холбоотой бичил ясны эрүүл мэндэд үзүүлэх ачаалал” гэх судалгаанд дурджээ.

1 жилийн хугацаатай 27 эрчимтэй дасгал сургуулилт хийдэг эмэгтэйд хийсэн судалгаагаар “Биеийн тамирын дасгал сургуулилт хийдэг, уургийн хэрэгцээгээ хангах хэмжээнээс гурав дахин их хэмжээтэй хоолны дэглэм барьдаг эмэгтэйчүүдийн ясны эрдэс, агууламжид ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Мөн бөөрний үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлээгүй. Тиймээс дасгал сургуулилтад хамрагдсан эмэгтэйчүүд уургийн өндөр агууламжтай хоолны дэглэм барих нь сөрөг нөлөөгүй” гэх дүгнэлтийг гаргажээ.

250 гр мах идэхэд 1400 мг кальци алддаг” гэдэг нь хэтрүүлсэн хэмжээ

Шалгасан мэдээлэлд “250 гр мах идэхэд 1400 мг буюу 1.4 гр кальци алдагддаг” хэмээн дурдсан. 250 гр үхрийн мах ойролцоогоор 65 гр уураг агуулдаг бол  ижил хэмжээний хонины маханд 60 гр уураг агуулагддаг байна. Тэгэхээр 250 гр махнаас 60-65 гр уураг авахад 1400 мг кальцийн алдагдалд хүргэнэ гэсэн нь хэтрүүлсэн тоо байна. Нэг грамм уураг хэрэглэхэд 0.8-1.2 мл кальци алддаг гэсэн судалгаанууд бий.

НҮБ-ын Хүнс,Хөдөө аж ахуйн байгууллагаас 2001 онд гаргасан “Хүний витамин, эрдэс бодисын хэрэгцээ” тайлангийн арваннэгдүгээр бүлэгт кальцийн тухай мэдээллийг тусгажээ. Тус бүлэгт кальцийн хэрэгцээнд нөлөөлдөг хоол тэжээлийн хүчин зүйлд уургийн хэрэглээний тухай хэд хэдэн судалгаа оруулсан байна. Тухайлбал, 1993 онд хийгдсэн судалгаагаар нэг грамм уураг тутамд 0,85 мг кальци алдагддаг болохыг тогтоосон ба 16 судалгаанд мета-шинжилгээ хийсэн судалгаагаар уургийн хэрэглээ 1 гр нэмэгдэхэд 1,2 мг кальци шээсээр алдагддаг болохыг тогтоожээ.  

Идэр насныхан 500 мг кальци, 700-1000 мг фосфорыг авч байгаа нөхцөлд 50 гр уураг хэрэглэхэд тэнцвэртэй ба уураг их хэмжээгээр хэрэглэх нь кальци, фосфорын хэрэгцээг нэмэгдүүлж болзошгүй тухай 1981 онд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660091
0 эможи

keyboard_arrow_up