Морь, бөхөд өгдөг шагналын мөнгөөрөө сургууль, цэцэрлэг барьдаг бол
Морь, бөхийн бай шагнал хэт өндөр байгааг хэн хүнгүй л ярьж байна. Хэрвээ хөгжилтэй, баян орон байсан бол үүнийг хэн ч сонирхохгүй байсан биз.
Харамсалтай нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг нь хүн амдаа огт хүрэлцдэггүй манай улсын нэг аймаг бүсийн наадам хийхдээ адгуус морио 25 саяар байлж байна. Ховдынхон Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, Баруун бүсийн “Их хурд” наадамд түрүүлсэн их насны морио ингэж байлсан. Бусад насанд айргийн тавд багтсан морьдын бай шагналыг нэмбэл Ховдын наадамд зөвхөн морины бай шагнал 100 сая хол давсан. Мөн түрүү бөхдөө 20 сая, үзүүрлэсэн бөхдөө таван сая төгрөгийн шагнал өгсөн. Үүгээр зогсохгүй үзүүрлэсэн бөхөд тус аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Land Cruiser маркийн машинаа Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн нэрийн өмнөөс бэлэглэж байна билээ.
Энэ жилийн улсын баяр наадмын түрүү бөхөд 15 сая төгрөг, үзүүрлэсэн бөхөд 10 сая төгрөг улсаас өгсөн. Улсын баяр наадам гэдэг утгаараа энэ зэргийн бай шагнал байж болно гэх ч нутгийн зөвлөл гэх баячууд буюу Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар түрүү бөхөд “Хүннү” хороололд дөрвөн өрөө байр, харин үзүүр бөхөд мөн л нутгийн зөвлөл нь “Lexus-570” машин, гурван өрөө байр өгч байсан.
Баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү маньд падгүй ч морь, бөхөд өгч буй энэ их мөнгийг боловсрол, шинжлэх ухааны салбартаа зориулдаг бол улсын маань хөгжил арай. өөр болно доо гэсэн хормын бодол төрөөд байх. Улс болон аймаг, бүсийн наадмуудад түрүүлж, үзүүрлэсэн бөхөд, түрүү моринд бай шагнал өгч буй хүмүүс ихэнхдээ том компанийн эзэд, бизнесмэнүүд, улстөрчид байдаг. Биенээсээ уралдан бай шагналын хэмжээг өсгөж буй тэр хүмүүсийг хараад заримдаа энэ мөнгөө нэг сургууль, цэцэрлэг барихад хандивлачих ухамсар төрдөггүй л юм байхдаа гэж гайхдаг. Угаасаа ч шагналыг хэт дэвэргэж, хавтгайруулснаас болоод бөхчүүд, уяачдын ёс зүй гээч юм алга болж, мөнгөний хойноос яаж ч мэдэхээр болчихсон. Ийм байхад л бай шагнал их өгснөөрөө нэрд гарч, нэр хүндээ өсгөнө гэж боддог ухамсартай манай баячуул...
Энэ байдалыг хараад нийгмийн нэг хэсэг дуугүй суухаа больжээ. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг нъ хүрэлцэхгүй байхад морь, бөхдөө хэдэн зуун саяыг өгдөг, хэдэн тэрбумаар хөшөө суварга босгодог гажиг үйлдлийг жигших ханддагатай болж. Үүнд уриалан дуудаж буй аж ахуйн нэгж ч гарч ирсэн байна. Иргэд, аж ахуйн нэгжийн хандив, тусламжаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв (ЭХЭМҮТ)-ийн хашаанд цусны эмгэг, хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан эмнэлгийг ‘Тэргүүн чансаа” компани хариу нэхэлгүйгээр барьж өгч, удахгүй ашиглалтад оруулах гэж буй сайхан мэдээ байна. Дашрамд дурдахад “Баруун бүсийн даншиг наадмын хандив цуглуулах кампанит ажлыг их өвөрмөц, өргөн далайцтай, менежмент сайтай хийсэн. Үүний үр дүнд харьцангуй өндөр бай шагналтай наадам боллоо” хэмээн Засаг дарга нь сайрхсан. Наадмын хандив цуглуулах ажлыг ийнхүү өргөн далайцтай, менежмент сайтай хийж байгаа шигээ ус нутгийнхаа бусад ажлыг ч Засаг ноёд маань ийм чанартай хийдэг бол улсын маань хөгжил арай л өөр болохсон...