Гадаадын тагнуулынхантай хамтарсан гэх хамба З.Санждорж нарын хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно
“Монголын бурхан шашинтны шинэ төв” хийдийн хамба лам З.Санждорж болон түүний зөвлөх Д.Бямбажав нарыг өнгөрөгч дөрөвдүгээр сард саатуулсан. Тэднийг гаднын тагнуулд мэдээлэл дамжуулж, Х Богдыг тодруулах үйл ажиллагааг удаашруулахад нөлөөлж байсан гэдэг үндэслэлээр шалгаж, улмаар хорин 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байдаг.
Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 29-ны /2024.10.29/ өдөр буюу ирэх мягмар гарагт болох юм.
Хэргийг эргэн сануулахад, З.Санждорж, нэгэн компанийн захирал Д.Бямбажав нарыг Эрүүгийн хуулийн 19.4-1- ийн гадаадын тагнуулын байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан хэмээн яллагдагчаар татсан байдаг. З.Санждоржийн хувьд 2023 онд X Богдыг тодруулахтай холбоотойгоор сөрөг байр суурь илэрхийлж байсан нэгэн. Үүнээс өмнө Сажа Бандидын номын хүрдэн хийдийн тэргүүн Б.Отгонбаатарыг гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэрэгт яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс ял шийтгэж байсан ч давж заалдах шатны шүүх түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм.