Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна
Өнөөдөр намрын сүүл сарын шинийн 22 буюу “Бурхан багшийн эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” тохиож байна.
“Бурхан багшийн намтар” зохиолд гардагаар Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар Сүмжү-засүмжийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын рашаанаар ээжийгээ ачлан, нирвааны хутагт хүргээд намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж замбуу тивд залран ирсэн хэмээдэг.
Энэ тухай “Будда продакшн”-ыг үүсгэн байгуулагч Гүрсэд сошиал хуудсандаа” Энэ өдөр нь Бурхан багшийн 12 их зохионгуйн нэг, жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтжээ.
Энэ хорвоод эрдэнэт хүмүүний төрөлд хүргэн элбэрэл хайраараа тэтгэн өсгөсөн ижий шиг ачтан хаа ч байхгүй учраас энэ өдөр эцэг, эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэж, хилэнцэт нүглийг тэвчих өдөр юм.
Ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд хичээх өдөр юм.
Энэ их буяны өдөр нэг өдрийн санваар сахих , цагаан хоол идэх зэргээр хилэнцийг тэвчин, сэтгэлийг ариусган нэгэн өдрийг өнгөрүүлэх, ерөөл ном хурж, бурхан багшийн айлдсан “Эцэг эхийн ачийг хариулах” судар тэргүүтнийг унших нь ихэс дээдсийнхээ ачийг эргэн санах, үр хойчдоо ч үлгэр дууриал болох хүнлэг сэтгэлийн, уламжлалт ёс зүйн, хүмүүжлийн ч ихээхэн ач тустай.
Сүсэгтэн олон та бүхнийг бие, хэл, сэтгэлээрээ цаглашгүй буян хураан өргөнөөр оролцохыг урьж байна” хэмээжээ.
Бурхан багшийн сургаалийг дамжуулагч ачит багш нарын айлдсанаар хүн өдөрт гурван удаа эцэг, эхийнхээ ачийг бодож явбал хүн муу үйл хийхгүй байх боломжтой гэж сургадаг билээ.