Маргаашнаас цасан шуургатай тул сэрэмжтэй байхыг анхаарууллаа
УЦУОШГ-аас 2024 оны аравдугаар сарын 18-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв, байдлыг танилцууллаа.
Маргааш буюу аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болж, салхи шуургатай, хүйтэн байхыг анхааруулж байна.
Хур тунадас: Аравдугаар 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас, цас орж, 20-нд нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 20-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Аравдугаар сарын 20-нд ихэнх нутгаар хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөрөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -1..-+4 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8….-13 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +10…+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Аравдугаар сарын 20-21-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэрч шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан байна. 22-ноос өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан байна.









