Хаягдсан уурандаа эксийнхээ жийпийг хутгаар бүрэн сийчин зурж дөрвөн дугуйг нь хагалжээ
19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй А.А нь Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, Баянмонгол хорооллын 4...-р байрны гараашинд байрлуулсан байсан иргэн Б.С-ийн эзэмшлийн “... УАТ” улсын дугаартай "Жийп Жирокий" загварын тээврийн хэрэгслийн дугуйг хутгаар зүссэн, мөн копут, урд буфер, урд крыло, багажны хаалга, зүүн хойд урд хаалга хэсгийг хутгаар зүсэж гэмтээж 7,080,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Хохирогч ийн мэдүүлжээ.
“Би А гэх охинтой зургаан сар үерхээд 2024 оны 9-р сарын 18-ны өдөр салсан. 9-р сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо Баянмонгол хорооллын автомашины зогсоолд байсан миний машины урд хоёр дугуйг хагалж, жолооч талын хаалган дээр “п..да” гэж сийчсэн байсан. Мөн жолооч талын хаалганы урд үзүүрээс хойд талын үзүүр хүртэл хоёр зураас татсан, тээшин дээр богино хэмжээний зураас үүсгэсэн байсан. Би камер шүүтэл үерхэж байсан охин А миний машин руу явж байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаад хандаагүй өнгөрсөн. Гэтэл 9-р сарын 23-24-нд шилжих шөнө 01 цагт А миний машиныг дахиж гэмтээсэн. Ингэхдээ дөрвөн дугуйг хагалж, хамар, бүх талын хаалга, тээш гэх зэрэг бүх газар зураас үүсгэж хараалын үг бичиж сараачсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би машинаа бүрэн бүтэн өмнө байсан шиг нь болгомоор байна...”
Шүүгдэгч буруугаа хүлээж хохирогчид гурван сая төгрөг төлжээ. Шүүх түүнийг 500 мянган төгрөгөөр торгожээ.
Эх сурвалж: Алим.мн