Монгол туургатан хүүхдүүд урлагаараа нэгдэцгээлээ

2014 оны 8 сарын 04

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Хараацай” театрт өчигдөр үндэсний хувцасаараа гоёсон бяцхан үрс дуу хуур, бүжгээ толилуулан урлагийн наадмаа хийлээ. Энэ бол Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс санаачлан хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний соёл, урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, тэдний авьяас чадварыг нь хөгжүүлэх, Монгол туургатан орнуудын хүүхэд багачуудын найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, Монгол үндэстний соёл, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Монгол туургатан хүүхдүүдийн наадам” юм.

  Монгол туургатан хүүхдүүд “Найрамдал” төвд энэ сарын 25-наас ирэх наймдугаар сарын 1-нийг хүртэл  хуран чуулж, өөр хоорондоо соёлын өвөөсөө харилцан суралцаж, тэдгээрийг тээгч ахмад настуудтайгаа уулзан дуу хөгжим дор халгин байгаа юм. Тэд өчигдөр урлагийн нэгдсэн тоглолтоо хийн үе тэнгийнхэн болон сургагч багш нар эцэг эхчүүд, соёлын байгууллагын удирдлагуудад толилууллаа. Энэ удаагийн наадам нь Монгол үндэстэн хүүхэд багачууд, Монгол туургатан, Монгол хэлтэн орнуудын хүрээнд өргөжүүлсэн Монгол үндэстний соёлын өв уламжлагч хүүхдийн урлагийн энэ удаагийн наадамд Монгол, ОХУ-ын Буриад улс, Халимаг улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны болон АНУ, БНСУ-д амьдран суугаа Монгол үндэстэн багачууд болон багш нар оролцлоо.

  Хил хязгааргүй зорчин зүрхнээс зүрхэнд булгилан байгаа үндэсний өв соёл тэдгээр  бяцхан авьяастнуудын харцанд  гэрэл болон туяарна. Багачууд баяр хөөр болон гүйлдэж өөрийн тоглолтын цагийг амьсгаа даран хүлээж, бусдынхаа үзүүлбэрийг хөшигний араас булталзан үзнэ. Тайзнаа хүүхдийн нарийн цээл хоолойгоор эгшиглэх ардын дуунууд, уран нарийн хөдөлгөөний эвслийг гайхуулах бий биелгээ, үелзүүр үндэсний өвөрмөц бүжгүүд, хоёрхон чавхдасаар дэлхийг уяраах морин хуур үндэсний хөгжмийн хамт ар араасаа эгшиглэнэ.

  Харьд суугаа ч монгол хэмээх эх хэлээр нэгдсэн соёлын өвийг тээгч бяцхан хүүхдүүдийн хувьд  энэ зун мартагдашгүй дурсамжийг үлдээжээ. Тэд өөрийн сурсанаасаа илүүтэй найз нөхдийнхөө өвлөн үлдсэн зүйлийг харилцан суралцаж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм.

 

   Хүн төрөлхтний түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол туургатны  соёл, урлагийн их сангаас суралцаж, түгээн дэлгэрүүлж буй хүүхэд, өсвөр үеийнхний урлагийн нэгдсэн тоглолт, уран бүтээлийн үзэсгэлэн, “Нүүдэлчдийн замаар” соёлын өдөрлөг, Монгол бичиг соёлын өдөрлөг, Монгол үндэстний хувцас, гар урлалын бүтээлийн үзэсгэлэн, үндэсний хувцас, гоёлын үзүүлэх шоу, түүхт дурсгалын газраар аялах зэрэг олон хөтөлбөр наадмын үеэр зохион байгуулагджээ.

 

   ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын биет бус өвийг өндөр түвшинд эзэмшсэн ахмадууд өсвөр үеийнхэнд зориулан сургалт, үзүүлэх тоглолтууд зохион байгуулж тэдэнд үлгэр дууриал болон улам ихийг сурах хүслийг нь бадраасан юм. Түүнчлэн, “Монголын гайхамшиг” үзэсгэлэн төвүүдийн ажиллагаа эдгээр өдрүүдэд “Найрамдал” төвд зохиогдож, урлагийн авьяастан багачууд нэгдсэн тоглолтоо амрагч үе тэнгийнхэндээ сонирхуулсан гээд зуны дурсамжтай өдрүүдийг тэд хамтдаа үдсэн юм. Энэхүү Монгол туургатан хүүхдийн урлагийн наадмын нэгдсэн тоглолтын найруулагчаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч С.Сүхбаатар ажилласан бөгөөд авьяаслаг хүүхэд бүр багшийгаа магтан түүнээс улам ихийг сурах хүсэлтэй байгаа талаараа ам булаалдан ярьж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6596
0 эможи
keyboard_arrow_up