ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН СТАНДАРТ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ, ЦАХИМЖУУЛАЛТАНД АНХААРЧ АЖИЛЛАХААР ТОХИРОЛЦЛОО
Өнөөдөр /2024.05.09/ МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар Гаалийн ерөнхий газрын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Энэ уулзалтаар хоёр байгууллага олон жилийн хамтын ажиллагааны түүхтэйг онцлохын сацуу, Монгол Улсын гааль болон cтандарт, тохирлын үнэлгээ, мэдээлэл лавлагаа, цахимжуулалтын талаар харилцан мэдээлэл солилцон хэлэлцэж, хоёр байгууллагын хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, цаашид шийдвэрлэх асуудал, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нягт хамтран ажиллах зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал солилцлоо.
Тодруулбал, Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, Улсын хилээр нэвтрүүлэх журам”-ыг хоёр тал шинэчлэн хэрэгжүүлэх, импортоор оруулж ирж буй бараа, бүтээгдэхүүний тухайн орны тохирлын гэрчилгээ болон холбогдох баримт бичгийн бүрдүүлэлт, мэдээлэл, мөн тохирлын баталгаанд хамрагдсан бүтээгдэхүүн, байгууллагын мэдээллийг цахимаар харилцан солилцох нөхцөл, боломжийн талаар хэлэлцлээ. Мөн тохирлын үнэлгээний чиглэлээр гаалийн байгууллагын холбогдох албан хаагчдыг сургах, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартыг гаалийн байгууллага үйл ажиллагаандаа шуурхай хэрэглэх, стандарт, тохирлын үнэлгээ бусад чиглэлээр цахим сан, цахим сүлжээ үүсгэх, зарим стандарт тухайлбал, Том оврын тээврийн хэрэгслийн чиргүүл, уул уурхайн бүтээгдэхүүний талаар шуурхай мэдээллийг өгөх зэрэг асуудлуудын хүрээнд харилцан ярилцаж, цаашид хоёр тал ойрын хугацаанд хамтын ажиллагааны гэрээ байгуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.
Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар хоёр цаашид хамтын ажиллагааны чиглэлээр албан уулзалтыг тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзлээ.
Уулзалтанд Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван, Гаалийн хорио цээрийн газрын дарга Г.Батмөнх, Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд, СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Тулгаа, Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг, Хэмжил зүйн бодлогын газрын дарга Д.Нарангэрэл, Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн Ч.Содном, Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн мэргэжилтнүүд болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.