СХЗГ-ЫН ДАРАЛТЫН ЭТАЛОНЫ ЛАБОРАТОРИ УР ЧАДВАРЫН СОРИЛТОД ОРОЛЦОЖ БАЙНА
ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB)-тэй хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлж буй Киргиз, Гүрж, Монгол, Узбекистан, Шриланк зэрэг 5 улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн Даралтын лабораториудын дунд хийн даралтын 35 бар хүртэл хэмжлийн хүрээнд лаборатори хоорондын харьцуулалт зохион байгуулагдаж байна.
Зохион байгуулагч лаборатори нь Шриланк улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн Даралтын лаборатори юм. Энэхүү олон улсын лаборатори хоорондын харьцуулалт нь:
1-рт: Хийн даралтын хэмжлийн шалгалт тохируулгаар ISO/IEC 17025 стандартын дагуу итгэмжлүүлэхээр төлөвлөж буй Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүдэд зайлшгүй шаардлагатай техникийн нотолгоог бэлтгэж өгөх,
2-рт: Ази, номхон далайн хэмжил зүйн хөтөлбөр /APMP/ эсвэл бусад Бүс нутгийн хэмжил зүйн байгууллагуудаас зохион байгуулах бүс нутгийн лаборатори хоорондын харьцуулалтад оролцохоор төлөвлөж буй Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүдэд хийн даралтын шалгалт тохируулгын талаар илүү их туршлага хуримтлуулах зорилготой юм.
Харьцуулалтын дээжийг ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн /PTB/-ийн хэмжил зүйн зөвлөх н.Тават Чангпан өөрийн биеэр авчирч, СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн Даралтын эталоны лабораторийн ахлах мэргэжилтэн О.Нарангэрэл, мэргэжилтэн Э.Хандармаа нарт хийн даралтын өндөр нарийвчлалын хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх, хэмжлийн үр дүнг боловсруулах талаар зөвлөгөө өгснөөр харьцуулалтын хэмжилтийг амжилттай гүйцэтгэж байна. Лабораторийн мэргэжилтэнүүд хэмжлийн үр дүнг боловсруулан зохион байгуулагч лабораторид илгээх юм.
Дашрамд дурдахад 2023 онд шингэний даралтын 700 бар хэмжлийн хүрээнд ийм ур чадварын сорилт зохион байгуулагдаж, манай Даралтын эталоны лаборатори амжилттай оролцсон билээ.