“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт сургалт боллоо
“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт бүсчилсэн ширээний дасгал сургуулилтыг амжилттай зохион байгуулж дууслаа
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цартахлын үед хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулах бүсчилсэн ширээний дасгал сургуулилтыг амжилттай зохион байгуулж дууслаа. Сүүлийн бүс болох төв, говь, зүүн бүсийн аймгуудын ширээний дасгал сургуулилтыг Дорноговь аймгийн Сайншанд суманд 2024 оны 9 дүгээр сарын 16-17-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий зэрэг 9 аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар, Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагын нийт 50 гаруй мэргэжилтэн оролцлоо.
Дасгал сургуулилтын үйл ажиллагааг нээж, Дорноговь аймгийн ЭМГ-ын дарга Д.Батцэцэг, ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Нямсүрэн нар үг хэлсэн ба ширээний дасгал сургуулилтыг тусгайлан боловсруулсан сценарийн дагуу явуулсан бөгөөд тухай бүрд холбогдох сэдвүүдээр илтгэл танилцуулж зохион байгууллаа.
Тухайлбал, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн менежмент, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, эрсдэлийн харилцаа, халдварт өвчний тандалт, болзошгүй цартахал, шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний үеийн вирус судлалын тандалтын онцлог, эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт хяналтын зарчим зэрэг сэдвүүдээр ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга Ж.Нямсүрэн, ТҮН-ийн тархвар судлагч Ч.Уртнасан, Д.Оюунгэрэл, Ц.Нарангарав, ШУН-ийн тархвар судлагч Л.Оюунтүлхүүр, ЭШХТСТ-ийн тархвар судлагч Б.Соёлмаа, ВСЛ-ийн вируслогич Н.Баясгалан нар илтгэл танилцууллаа.
Оролцогчид ширээний дасгал сургуулилтын явцад нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цартахлын үеийн хариу арга хэмжээний чиглэлээр батлагдсан эрхзүйн бичиг баримтыг үнэлж, өөрсдийн аймгийн хэмжээнд боловсруулсан болзошгүй гамшиг, ноцтой байдал, цартахлын бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломж, сул талуудын талаар ойлголттой болж, цаашид хэрхэн сайжруулах боломж нөхцөлийг гаргах чиглэлээр санал солилцсон үр дүнтэй сургалт боллоо.
Сургалтын нэг онцлог нь багаар ажиллан цаг үеийн байдалтай холбогдуулан хэвлэлийн мэдээлэл бичин хэвлэлийн бага хурал хийн мэдээг танилцуулах, ард иргэдэд өгөх мэдээллийг бичин танилцуулсан нь байлаа. Оролцогч нараас эрсдэлийн харилцаа холбооны чиглэлээр эмч, мэргэжилтэн нарыг сургах сургалт зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал хэлж байсан. Мөн сургалтанд мал эмнэлэг, зоонозын төв, ӨЭМТ, СЭМТ нэмэгдүүлэн өргөн хүрээтэй хийх саналтай байсан. Иймд дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
1. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, болзошгүй цартахлын үеийн хэрэгжүүлж буй эрхзүйн бичиг баримтыг ашиглан ажиллаж, эрхзүйн орчныг үнэлж, өөрсдийн төлөвлөгөөг шинэчлэх
2. Үзүүлэх сургалтанд Зооноз өвчин судлалын төв, мал эмнэлгийн газар, ӨЭМТ, СЭМТ-ийн төлөөллийг оролцуулах
3. Эрсдэлийн харилцаа холбоо, эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлээр сургалт зохион байгуулах