ШУУРХАЙ: Шүүхээс Ч.Ганхуяг нарыг бусдын биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутай тооцож, ЯЛ ОНООЖЭЭ
“Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг шийдэгдээгүй хэдэн жил үргэлжилж буй.
Тодруулбал, Ч.Ганхуяг нарыг 2022 оны арванхоёрдугаар сард эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэрэг нь шүүхэд шилжиж байсан.
Тэгвэл анхан шатны шүүхээс Ч.Ганхуягийг хүний биед санаатай гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, торгох ял оноожээ. Тухайлбал, Ч.Ганхуягт 1.350.000 төгрөг, мөн түүний хүргэн дүү "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Б.Золбоодыг 4,000,000 төгрөгөөр торгожээ.
Эргэн сануулахад, өнгөрсөн наймдугаар сард хэргийг прокурор хянаад, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн яллагдагч Ч.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Харин яллагдагчийн өмгөөлөгчөөс яллах дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг хянаад, гомдлыг хүлээн авахаас татгалзаад байсан.
Мөрдөгчөөс яллах дүгнэлтийг гардуулахаар Ч.Ганхуягыг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүгчийн захирамжаар дээрх яллагдагчийг албадан ирүүлэх арга хэмжээ авахаар болоод байсан.