Багшийн үг: Төр нь боловсролоо тоодоггүй, сургуулийнх нь нөхцөл тааруу, дураараа сурагчидтай багшийн ажил хийнэ гэдэг бол жинхэнэ там!
Багшийн үг: Хүмүүс багшийн ажлыг их амархан гэж боддог. Хүүхдүүдийгээ хэлээд өгөнгүүт нь л ойлгочихдог, бичээрэй гэхээр нь л биччихдэг, ярь гэхээр нь ярьчихдаг, даалгавар өгвөл л хийчихдэг гэж боддог. Үнэндээ огт тийм биш. Орчин үеийн хүүхдүүд багшийг гуйсан ч, уйлсан ч, зандарсан ч, айлгасан ч, яасан ч хичээл хийхээ больсон. Тийм хүүхдүүдэд хичээл заана гэдэг бол үнэндээ л там.
Сурагч, эцэг эхчүүд багш нарыг төрөлхөөсөө их ууртай хүмүүс байх гэж боддог. Үнэндээ уурлаж өөрийн эд эсээ үхүүлэхийг хүсдэг, тэрнээсээ болж бусдад муухай харагдахыг боддог нэг ч багш байхгүй. Өөрийн эрхгүй уур хүрэхээр нөхцөл байдал үүсдэг, тэр нь дахин дахин давтагдаад байдаг болохоор л тэд өөрийн эрхгүй уурлачихдаг юм.
Цалин нь бага байгаа болохоор л багш нар багшийн ажлаасаа зугтаад байна гэж хүмүүс боддог. Үнэндээ халширмаар, хэцүү ажил болохоор л олон багш ажлаасаа гараад байгаа юм шүү дээ!
Багшийн ажил амар ажил биш ээ. Ялангуяа орчин цагийн эрх, дураараа, буруу хүмүүжилтэй, олон жилийн хоцрогдолтой, сурах хүсэлгүй хүүхдүүдэд юм сургана гэдэг дэндүү хэцүү.
Хүүхдээ тоодоггүй, бүдүүлэг харилцаатай, багшийг хүндэлдэггүй, ухамсар муутай, багшид дээрэлхүү эцэг эхчүүдийнх нь ая эвийг олж ажиллана гэдэг бүр ч хэцүү!
Төр нь боловсролоо тоодоггүй, эцэг эхчүүд нь хүүхдээ буруу хүмүүжүүлчихсэн, сургуулийнх нь нөхцөл, орчин нь дэндүү тааруу, дураараа, хүмүүжилгүй сурагчидтай Монгол Улсад багшийн ажил хийнэ гэдэг бол жинхэнэ там!