ЭХЯ, ТЕГ, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдлагуудыг ХОМ зөрсөн асуудлаар шалгаж эхэлжээ
Авлигатай тэмцэх газар хоёр долоо хоногийн өмнөөс нэр бүхий томоохон эмнэлгүүд болон төсвийн байгууллагуудын удирдлагуудыг шалгаж эхэлсэн байна.
АТГ-аас одоогоор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга зэрэг 25 хүнийг шалгаж байгаа бөгөөд захирлаас эхлэн дэд захирал, хэлтсийн дарга нарыг шалгаж байгаа аж.
Мөн шалгаж байгаа 25 хүний дотор төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнууд буюу “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газар, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар зэрэг байгууллагын удирдах албан тушаалтнууд байгаа аж.
Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлах үүрэгтэй бөгөөд зарим албан тушаалтан өөрийн өмчлөлд шинээр нэмэгдсэн үл хөдлөх хөрөнгө орон сууц, зуслангийн байшин, газар, авто тээврийн хэрэгсэл зэрэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авсан эх үүсвэрийг нотолж, тайлбарлаж чадаагүй, тухайн хөрөнгө нь мэдүүлэг гаргагчийн хууль ёсны орлогоор бий болсон болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр дээрх байгууллагын удирдах албан тушаалтнуудыг нарийвчлан шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.
Тухайлбал Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт ажиллаж байсан албан тушаалтан нь хамаарал бүхий этгээдийнхээ үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн нэр дээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олгосон тусгай зөвшөөрлийг авчээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулсан худалдан авах үйл ажиллагаанд оролцож гэрээ байгуулсан, улмаар эмийн сан, эмийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж орлого олж байгаа, тусгай зөвшөөрөл олгоход албан тушаалын байдлаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон, мөн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтан “Т” нь хамаарал бүхий этгээдийн нэр дээр амины нэг орон сууц, хамтран амьдрагчийн нэр дээр амины нэг орон сууц, гурван орон сууц, өндөр үнэлгээтэй автомашин хоёрыг өмчилсөн бөгөөд эх үүсвэр нь хууль ёсны орлогоос илт давсан дүнтэй байсан аж.