Өөрийн төрсөн хүүдээ зээл олгосон БЗС-гийн П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ
Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байна.
Тодруулбал, П.Лхагвасүрэн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн баталсан тушаалд хүүхдийнхээ нэрийг оруулж, тэтгэлэг олгуулах шийдвэр гаргуулсан хэмээн буруутгагдаж буй.
П.Лхагвасүрэнгийн хүү Л.Түмэндэлгэр нь Австралийн “The university of Technology Sydney” сургуульд суралцах эрх үүсэж, “Гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г П.Лхагвасүрэн хүүтэйгээ байгуулсан байдаг. Гэвч БСШУ-ы сайдын тушаал, түүнийг дагалдуулан баталсан гэрээнд заагаагүй “The university of New South Wales” нэртэй сургуульд хүүхэд нь сурч, Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 91.1 сая гаруй төгрөгийн санхүүжилт авсан аж. Түүгээр ч зогсохгүй “The university of New South Wales” сургуульд сурч байхад нь зээл олгох, эргэн төлүүлэх гэрээний хавсралтад заасан барьцаа болох орон сууц, авто зогсоолын барьцааг хүчингүй болгосон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.