Маргаашаас ихэнх нутгаас сэрүүснэ
Маргаашаас буюу есдүгээр сарын 17-ноос ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Есдүгээр сарын 17-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаараа цас орно. Салхи 17-нд зарим газраар, 18-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
17-нд нутгийн баруун хойд хэсгээр, 18-наас ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.
Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө цочир хүйтэрч 0...-5 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.









