ЦЕГ, Монголбанктай банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана
Олон нийтийн санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн суурь мэдлэгийг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомжийг нийтэд таниулан сурталчилж, залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ажлыг зохион байгуулахад чиглэгдсэн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар Монголбанк болон Цагдаагийн ерөнхий газар хооронд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг өнөөдөр /2024.09.12/ байгууллаа.
Өнгөрсөн хугацаанд Монголбанк, Цагдаагийн Ерөнхий газар нь бусад дэмжигч байгууллагуудын оролцоотойгоор 2019 онд “Ятгах тусам нягтал”, 2020 онд “Нягтлах тусам аюулгүй”, “Ятгах тусам нягтал-2” 2021 онд "Ятгах тусам нягтал-2021" аян, 2022 онд “Unsend – Бүү шилжүүл”, 2023 онд “Цахим зөвлөмж” гэх нийт 6 удаагийн аяныг улс орон даяар амжилттай зохион байгуулж ажилласан. Гэвч иргэдийн ойлголт, мэдлэг хангалтгүй байгаагаас залилан, луйварт өртөж хохирох явдал буурахгүй хэвээр байна. Тухайлбал, Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 9 сарын байдлаар нийт 24,811 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Үүнээс залилах гэмт хэрэг 7,063 удаа үйлдэгдэж нийт гэмт хэргийн 28.5 хувийг эзэлж байгаа бол 4,095 нь буюу 58 хувь нь цахим орчинд үйлдэгджээ.
Санамж бичигт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, бригадын генерал Т.Сүхболд нар гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд хоёр тал хамтран залилах, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажиллаж буй Цагдаагийн байгууллагын болон банкны салбарын ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, санхүүгийн хууль бус гүйлгээнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, сэжигтэй гүйлгээний талаарх шаардлагатай мэдээллийг харилцан солилцох, цахимаар үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн талаарх статистик дүн мэдээ, тайлан судалгааг гаргах зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэх юм.