Улсад тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан Б.Жаргалд холбогдох хэргийг шалгаж дуусчээ
Төрийн дунд шатны хурган дарга нар бол албан тушаалын наймаанаас эхлээд тендер, авлига гээд оролцохгүй зүйл гэж үгүй жинхэнэ будилааны эзэд байдаг. Тэдний нэг бол Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга асан Б.Жаргал юм.
Тэрбээр тус яаманд газрын даргаар ажиллаж байхдаа “Тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, туршилт тохируулгын ажил”-ын тендерт шалгарсан Болгар улсын “КОНТРАКС ЕАД” компанийн ирүүлсэн үнийн дүн дээр үнэ нэмж мөнгө завшсан гэх хэрэгт холбогдоод байсан.
Тодотговол, бусдад давуу байдал бий болгож, улсад 995.8 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт буруутган, АТГ-аас мөрдөн шалгаж байсан юм. Харин өдгөө уг хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэхээр болжээ. Үүнээс харахад түүнийг ямартай ч буруутай хэмээн үзсэн бөгөөд тодорхой хэмжээний хариуцлага, ял үүрэх бололтой.