Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүн ЦАГААТГУУЛАХ хүсэлт гаргасан. Гомдлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн давж шатны шүүх хурал өнөөдөр хоёр дахь өдрөө /2024.09.12/ үргэлжилж байна. Шүүх хурал нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн байранд өглөө 09.00 цагт эхэлжээ. Шүүх хурлын эхний өдөр шүүгдэгч нар болон өмгөөлөгчдийн давж заалдах гомдлоо танилцуулснаар хаалттай хэлэлцсэн гэдгийг албаныхан мэдээлсэн.
Хуралд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын дөрвөн шүүгдэгч хорих ангиас оролцож байгаа аж.
Нүүрсний гэх тодотголтой 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал 15 хоног үргэлжилж 2024 оны нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ гаргасан. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ганхуягт нийтийн албан томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, таван жил 9 сар, Т.Аюурсайханд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хугацаанд хорих ял оноож байсан юм.
Тэгвэл нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/94 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.А, Т.Т, И.Д, Б.О, Г.Г, Б.Г, Х.Б, Б.Э, О.Д, П.Б, О.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны наймдугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хаалттайгаар хянан хэлэлцсэн байдаг.
Давж заалдах шатны шүүх 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх сидиг хэргийн хамт давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх тул дээрх сидиг эд мөрийн баримтын бүрэн бүтэн байдлыг хангасан хэлбэрээр ирүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт даалгаж, тус 11 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлээд байсан юм.