П.Батбаатар: Авто эргүүлийн чиглэлийг нэмснээр алба хаагчид дуудлага, мэдээлэлд 10-15 минутад хүрч байна

2024 оны 9 сарын 10

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай хүрэх зорилгоор цөөнгүй ажил зохион байгуулж буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллага иргэдээс өгч буй дуудлага, мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэхдээ түргэн шуурхай байхыг зорьж, өмнөх жилүүдээс богино хугацаанд хүрч байгаа тухай өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр мэдээлсэн. Зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч, хэрхэн өөрчилж буй талаараа мэдээлэл өгнө үү.

-Цагдаагийн байгууллагад ирэх дуудлага мэдээлэл их, хүрч очих автомашины тоо харьцангуй цөөн байсныг ЦЕГ-ын дарга энэ онд шийдвэрлэж, нийслэлийн зургаан дүүргийн Цагдаагийн газар, хэлтсүүдэд авто эргүүлийн 21 чиглэлийг шинээр нэмсэн. Ингэснээр алба хаагчдын дуудлага, мэдээлэлд очих хурд нэмэгдэж, ажлын ачаалал бууран, шийдвэрлэлтэд ахиц гараад байгаа юм. Тухайлбал, цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт хоногт дунджаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн талаарх 1500-1900 орчим дуудлага, мэдээлэл ирүүлдэг. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар нийт 118.657 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь 6815 нэгж буюу 6.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.

Өнгөрөгч онд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэлд авто эргүүлийн чиглэл хүрч очих дундаж хугацаа 21 минут 40 секунд байсан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар 10 минут зургаан секунд болж, 11 минут 36 секундээр багассан. Мөн авто эргүүлийн нэг чиглэлд ирэх дуудлага, мэдээллийн ачаалал 4-8 нэгжээр буурлаа. Энэ нь цагдаагийн төв байгууллага, удирдлагын оновчтой шийдвэр, иргэнд хүрч үйлчилж буй байдлыг илэрхийлж байгаа явдал юм.

-Иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авсан байсан. Иргэд цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээлэл шийдвэрлэх үйл ажиллагааг хэрхэн үнэлж, дүгнэж байна вэ?

-Цагдаагийн байгууллагад хандсан иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг одоо ч авч байгаа. 102 тусгай дугаарын утсанд дуудлага өгсөн иргэдээс энэ оны долоодугаар сараас хойш уг судалгааг авч эхэлсэн. Үүнд  дуудлага, мэдээлэл өгснөөс хойш цагдаагийн алба хаагчид хэдий хугацааны дараа очив гэсэн асуулт оруулсан. Мөн дуудлагаар очсон алба хаагчийн харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвар ямар байсныг тодрууллаа. Түүнчлэн дуудлага, мэдээллийг хэрхэн шийдвэрлэв гэсэн асуулт бүхий судалгаанд одоогоор нийслэлд 4457, орон нутагт 308, нийт 4765 иргэн хамрагджээ. Тэдний 88 хувь нь цагдаагийн алба хаагчийн харилцаа, хандлага, мэргэжлийн ур чадвар, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтийн байдал сайн, хангалттай гэсэн үнэлгээ өгсөн. Харин 571 буюу 12 хувь нь хангалтгүй гэсэн үнэлгээ өгчээ. Хангалтгүй үнэлгээ өгсөн иргэдтэй цагдаагийн байгууллагаас дахин холбогдож санал, хүсэлтийг хүлээн авч, алба хаагчийн харилцаа хандлага, мэргэжлийн ур чадвар, гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна.

-Тэгэхээр цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгвөл 15 минутаас хэтрэхгүй хугацаанд иргэнд хүрч очин тусламж үзүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Гэвч тухайн нөхцөл байдал, гаднын бусад хүчин зүйл болон алсын дуудлага, хаяг, байршил тодорхойгүй, дуудлага, мэдээлэл давхардсан зэргээс шалтгаалан зарим тохиолдолд харилцан адилгүй байдаг.

-Хаяг байршил тодорхойгүй, эсвэл байгаа газраа хэлж мэдэхгүй тохиолдолд дуудлага, мэдээллийг хэрхэн авдаг вэ. “Гурван үгт хаяг” гэх ойлголтыг иргэд мэдэж буй болов уу?

-Энэ бол хамгийн тулгамдаж буй асуудал л даа. Улаанбаатар хотын орон сууц, гэр хорооллын хаягжилт хангалтгүй, иргэдийн хаяг, байршлын мэдлэг дутмаг, оршин суугчдын шилжилт хөдөлгөөн, барилга, байгууламж нэмэгдсэн. Эдгээр шалтгааны улмаас 101, 102, 103, 105 тусгай дугаарын утсанд гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл өгсөн иргэдийн тав орчим хувь нь өөрийн байгаа байршлаа мэддэггүй. Тиймээс яаралтай тусламжийн үйлчилгээг үзүүлэхэд хүндрэл учирсан гэх судалгаа бий. Мөн төв, суурин газраас зайтай байгаа иргэн уул, ус, орчны баримжаагаар дуудлага, мэдээлэл өгдгөөс шалтгаалж цагдаа, онцгой байдлын алба хаагч, эмнэлгийн ажилтан дуудлагын дагуу тухайн хаягт хугацаа алдаж очих нөхцөл байдал үүсдэг.

Тиймээс ЦЕГ-аас өөрийн хаяг байршлаа мэдэхгүй байгаа иргэдээс дуудлага, мэдээлэл хүлээн авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын “What3words” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, “Гурван үгт хаяг”-ийн аргачлалыг яаралтай тусламжийн үйл ажиллагаанд 2021 оны тавдугаар сард нэвтрүүлсэн. “Гурван үгт хаяг” гэдэг нь дэлхийн гадаргын гурван ам метр тутмыг гурван үгээр оноосон хаяг юм. Өөрөөр хэлбэл, уртрагийн E106° 51’ 10.135, өргөргийн N47° 11’ 5.645 гэсэн солбицлыг “морь, уул, үнэнч” гэх мэт хоорондоо хамааралгүй гурван үгээр төлөөлүүлсэн гэж ойлгож болно. Иргэд энэ аппликэйшнийг гар утсандаа суулган ашиглавал яарсан, сандарсан, айсан үед байршлаа заахад тус болох юм. 

-Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүмүүсийн өгч буй дуудлага, мэдээллийг техник, технологийн дэвшлийг ашиглан дүрсийг нь харж авдаг болсон байх аа?

-Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь байгуулагдсан цагаасаа хойш 101, 105, 102, 103 тусгай дугаарын утсаар гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг осол, эмнэлгийн түргэн тусламжийн дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагаанд дэвшилтэт технологи тасралтгүй нэвтрүүлэн, ашиглаж байна. Тухайлбал, тус төвөөс тусгай дугаарын утсанд дуудлага өгч буй иргэнтэй дүрсээр харилцах технологийг өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан одоогоос хоёр жилийн өмнө нэвтрүүлсэн. Дээрх технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлснээр мэдээлэл хүлээн авагч нь шаардлагатай тохиолдолд дуудлага өгч буй иргэний зөвшөөрөлтэйгөөр тухайн иргэний гар утасны камерын дүрсийг нээн харж, иргэнтэй харилцах боломж бүрдсэн юм.

Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэнтэй харилцах, гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдлыг дүрсээр харж, зөвлөх, болж буй үйл явдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгөх, үйл явдлыг баримтжуулах зэрэг давуу тал бий болсон. Энэ технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээс хойш нийт 337 дуудлагыг дүрсээр хүлээн авч, баримтжуулан холбогдох нэгжүүд рүү дамжуулж, тухайн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах ажлыг зохион байгуулаад байна.

-Мессеж буюу богино зурвасаар дуудлага, мэдээлэл хүлээн авах үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө үү.

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, барьцаалагдсан, гэмт этгээд дэргэд нь байгаа гэх мэт утсаар ярих боломжгүй нөхцөлд тусгай дугаарт холбогдож яаралтай тусламжийн дуудлага, мэдээлэл өгөх боломжгүй. Ийм үед иргэнээс дуудлага, мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх зорилгоор EIN системд өргөтгөл, суурилуулалт хийж, богино зурвас (мессеж)-аар дуудлага, мэдээлэл авч эхэлснээс хойш гурван жил өнгөрсөн байна. Энэ сувгаар өгч буй дуудлага, мэдээлэл харьцангуй цөөн л дөө. Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдээс нийт 815 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг ийм зурвасаар хүлээн авч, холбогдох нэгжүүдэд дамжуулан, шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658801
1 эможи

keyboard_arrow_up