Гэмт хэргийн шинжтэй 4 үйлдэлд 41 шуудай самрыг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна
Экологийн цагдаагийн албанаас Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/450 дугаар тушаал “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ийн хэрэгжилтийг хангуулан ажиллах зорилгоор Нийслэлийн байгаль орчны газартай хамтарсан эргүүл, хяналт шалгалтыг энэ оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зохион байгуулан ажиллаж байна.
Хяналт шалгалтаар Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянголын ам, Уртын ам, Бурхант, Сүхбаатар дүүргийн 19, 20 дугаар хороо Бэлх, Сэлх, Хандгайт, Сандаг зэрэг газруудад явуулж нийт 48 отгоор ойр орчмын хогийг цэвэрлүүлэн, 38 тээврийн хэрэгсэл, 85 иргэнд мэдэгдэл, шаардлага өгч уулнаас буулгаж, нийт гэмт хэргийн шинжтэй 4 үйлдэлд 41 шуудай самрыг илрүүлэн, хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “Байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх”-ийг хориглосон байдаг.
- Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хуш нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Тиймдээ ч хуш модны самар нь ховор ургамлын үр, идээний ангилалд багтдаг байна.
- Хуш модны самарны үнэлгээг БОАЖ Сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологийн эдийн засгийн үнэлгээ”-г тооцохоор журамлаж өгсөн.
- Ойн тухай хуулийн 3.1.12 "ойн дагалт баялаг" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг гэж заасан тул хуш модны самар нь энэ ойлголтод багтаж байна...”
- Хуш модны 1 кг цайруулсан самарны экологи–эдийн засгийн үнэлгээ нь 176600 төгрөг, нойтон самрын экологи–эдийн засгийн үнэлгээ нь 98.900 төгрөг байна.
- Энэ үнэлгээн дээр үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 3-р заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор заасан байна.
- Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг гэдэг нь байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
- Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйл. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх
- Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх тус тус заалттай.
-Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-с дараа оны 2 дугаар сарын 01-ний хооронд дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тусгай зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэхийг зөвшөөрдөг.
Дээрх зөвшөөрлийг олгохдоо Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтоодог. Болц гүйцсэн боргоцой нь 10 дугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг ба журмын дагуу иргэд ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг 1 кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж тухайн нутаг дэвсгэрийн БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧААС эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой юм.
-Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авч байгаа тул хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг анхааруулж байна.
-Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг байна.