Судаач Ц.Буянцогтоо: ПУТИН ГЭЖ ХЭН БЭ?
Судаач Ц.Буянцогтоо өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбэр "Уул нь би Оросын талаар төдийлөн сайн мэдэхгүй талдаа. 1993 оноос Япон яваад 10 гаруй жил тэнд суусан, буцаж ирээд Японтой хамтарсан компани энэ тэр гэсээр, сүүлдээ төртэй холбогдож улмаар төрийн философи, геополитик, үндэсний аюулгүй байдал гэх мэт чиглэлээр судалгаа хийх болжээ. Англи, япон хэлээр голлож судалгааны ажлаа хийх болохоос орос хэл төдийлөн ашиглаж байсангүй.
Геополитик, аюулгүй байдал, төрийн стратегийн онол энэ тэрийг судалж байхад, хүссэн хүсээгүй, дэлхийн их гүрэн Оросын талаар судалж мэдэх шаардлага гарна. Тэр явцад эрдэмтдийн зүгээс гаргасан Оросын төрийн стратеги, Путины үзэл санаа, бодлогын талаарх үзэл бодол, дүгнэлтийг уншсаар Орос хийгээд түүний өнөөгийн удирдагч Путины талаар тодорхой мэдлэгтэй, ойлголттой болж, тэгэхийн хэрээр Оросын төрийн бодлого, Путины үзэл санааг өөрийн эрхгүй хүндэтгэн үзэх болжихуй.
Геополитик, стратеги судлаачид бүр ёс юм шиг Путиныг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байх нь хачирхалтай. Магадгүй, тэдний хувьд идеалный буюу төгс стратегич гэж санагддаг байх. Стратегичид бүгд түүнийг "шүтэн бишрэх" маягтай шүү.
Би ч гэсэн түүний "шүтэн бишрэгч" фэн болжээ.
Сүүлийн үед би вээр Путины талаар ул суурьтайхан судалж байгаад ном бичиж, эрхэм монголчууддаа уншуулах сан гэж бодох боллоо. Манайхан Оросын төрийн бодлого, Путины үзэл санаа, стратегийн талаар үнэхээр өчүүхэн боловч ойлголтгүй явна. Арга ч үгүй юм, Ардчилал биднийг тийм харалган болгочихжээ.
Миний хамгийн ихээр хүндэтгэн явах япон эрдэмтэн Ито Кан гэж хүмүн бий. Тэрээр сүүлийн 40 жил Вашингтон хотноо амьдарч буй, дэлхийн улстөр судлаач юм.
Ито гуай, хэдийгээр, орос судлаач биш боловч, Путиныг өндөр үнэлж, хүндэтгэнэ. Путин бол жир нэгэн, түүхийн явцад хаа сайгүй тааралдах удирдагч биш. Путиныг 3-Пи түвшинд сэтгэдэг улстөрч гэж Ито гуай үнэлж байна. Философийн түвшин, Парадигмын түвшин, Полиси буюу бодлогын түвшин. Путин Оросын төрийн үзэл санаа ямар байвал зохихыг философийн түвшинд боловсруулах талаар бодож сэтгэж ажилладаг удирдагч ажээ.
Владимир Путин оросын улстөрчдөд төрийн философийн ном уншихыг санал болгож, хамтдаа хэлэлцэхийг уриалдаг ажээ. Владимир Соловьев, Николай Бердяев, Иван Ильин хэмээх оросын гурван том төрийн философичийн номыг уншихыг санал болгоно. Тэгээд хамтдаа хэлэлцэе гэдэг гэнэ. Тэдгээр философичид барууны философи, Платон, Хегелийн философийг суурь болгон, Христийн шашинд тулгуурласан сэтгэлгээний соёлыг бүтээх тухай бичиж туурвижээ.
К.Ито гуай "Путин шиг Ерөнхийлөгчийг хүндэтгэхгүй гээд яах юм бэ, манай энэ японы улстөрчид дотор тийм түвшний хүн байна уу, америкийн Клинтон авгай мэтийн т1 улстөрчдөд тийм чадвар байх уу..." гэж ний нуугүй хэлж байна. Барууны ардчилал гэгч хоосон зүүд зэрэглээ шиг юмыг бут цохихын тулд Путин төрийн философийн түвшинд зохих хариуг барихаас тэмцлээ эхлүүлж байна... Ито гуай ийн өгүүлж байна.
Владимир Путин Төрийг сонгодог утгаар ойлгож, Сонгодог Төрийг бүтээж байгаа удирдагч ажээ. Путин дээрх 3-Пи түвшинд Барууны тэнэг ардчиллын эсрэг хариу тэмцэл явуулж байна...
Миний хувьд өнөө цагт ажиллаж амьдарч байгаа япон хүмүүсийн дотроос хамгийн өргөн, гүн мэдлэгтэй хүмүн бол К.Ито гуай даруй мөн хэмээн үзэж, дотроо ихэд бишрэн хүндэтгэж явах бөлгөө. Сонгодог төрийн онолыг мэддэг, ярьдаг болохоор нь тэр л дээ. Мэдээж, стратеги буюу суу залийн онол, Олон улсын харилцааны реалист онол, геополитикийн өргөн мэдлэгтэй учраас би түүнд татагдсан хэрэг.
Владимир Путиныг ч бас мөн тэр адил хүндэтгэн бишрэх болов." гэжээ.