Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэний жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгожээ
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт (2024.08.26-аас 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд) 38.561 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 376 хэргийг хүргүүлсэн байна. Үүнээс:
- Хүний амьд явах эрхийн эсрэг 4,
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 142,
- Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 14,
- Өмчлөх эрхийн эсрэг 117,
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7,
- Хүрээлэн байгаа орчны эсрэг 7,
- Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, бусад 8 хэрэг байна.
Тухайлбал, Энэ сарын 26-ны өдөр цахим орчинд “Дөнгөж сая Нисэхийн тойрог дээр болсон BMW машины жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан” гэх мэдээллийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн.
Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж иргэн “Б”-ийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийтгэврээр жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 400 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.