Иргэдийн мэдээлэл, камерын хяналтаар хог хаягдлын 1000 гаруй зөрчил илрүүлжээ
“Цэвэрч иргэн-цэмцгэр хот” тусгай арга хэмжээний хүрээнд иргэний мэдээллээр 506, хяналтын камераар 626, эргүүлийн алба хаагчид 12.156, нийт 13288 зөрчлийг илрүүлж, 474 кг хог хаягдал ачуулж цэвэрлүүлжээ.
Тодруулбал нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай уг арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, авто замын зорчих хэсэгт хог, шороо хаясан 133, ачаа тээвэрлэх журам зөрчсөн 18, нийт иргэдээс ирүүлсэн 141 зөрчилд шалгалт хийж, хариуцлага тооцон ажиллав.
Мөн дүүргийн цагдаагийн газар, хэлтсүүдээс 4488 иргэн, 331 хуулийн этгээдэд хог хаягдал, орчны бохирдлын талаар яриа таниулга хийсэн.
Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ