Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин төлөвлөж барих шийдвэр гаргалаа
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660 дугаар захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 21 орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарлаа.
Захирамжид ,Монгол Улсын Мэргэжлийн Хяналтын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байр, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 1, 2, 3, 5, 6, 7, 10, 11, 12, 13, 16, 17, 18 дугаар байр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн 4, 8, 9, 15, 19 дүгээр байр, Арьс ширний 25, 26 дугаар байрны барилгуудыг дахин төлөвлөж, барилгажуулахаар заасан байна.
Мөн дээрх орон сууцны барилгад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг төсөл хэрэгжих хугацаанд түр түдгэлзүүллээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлын 2014 оны 90 дүгээр тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журам”-ыг баталсан юм. Журамд зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсныг тогтоохдоо Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гаргасан дүгнэлт, шийдвэрийг үндэслэхээр заасан байдаг. Түүнчлэн дахин төлөвлөн барилгажуулах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар төсөл сонгон шалгаруулах замаар хэрэгжүүлэх бөгөөд 3 талт гэрээ байгуулан ажлыг эхлүүлэх юм байна.