Нэг кг самар тутамд 1000 төгрөг төлнө
Хуш модны самар түүж бэлтгэх хугацаа болоогүй, болц гүйцээгүй үед самар түүхгүй байхыг Нийслэлийн байгаль орчны газраас анхаарууллаа.
Болц гүйцсэн боргоцой нь аравдугаар сараас эхлэн газарт унаж эхэлдэг аж. Иргэд журмын дагуу ахуйн зориулалтаар 50 кг хүртэл хэмжээтэй самрыг нэг кг тутамд 1000 төгрөгөөр тооцон төлбөр төлж, тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авсны үндсэн дээр аравдугаар сарын 20-ноос эхлэн түүх боломжтой юм. Заасан хугацаанаас өмнө түүвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал, дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны аравдугаар сарын 5-ны өдрийн дотор тогтоодог аж.
Хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэх нь ой хортон шавжид нэрвэгдэж ургалтгүй болох, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөх гол шалтгаануудыг үүсгэдэг. Самраа өгч буй хуш мод байгальд 50 гаруй жил ургасны дараа болцоо өгч эхэлдэг байна.
Өөрөөр хэлбэл, самрын болц гүйцээгүй байхад түүхийгээр нь түүх гэж модыг хүчээр цохиж гэмтээснээр насжилтыг нь 30 гаруй хувиар бууруулдаг байна. Ойд 140 гаруй жил наслах ёстой байсан нэг хуш модыг гэмтээснээр ердөө 100 орчим жил насална. Энэ нь байгаль орчинд асар их хохирол дагуулж буйг албаны хүмүүс онцоллоо.