Сургалтын заалыг түрээсэлж, төлбөрийг нь хувьдаа зарцуулж байсан албан тушаалтны хэргийг шүүхэд шилжүүлжээ

2024 оны 8 сарын 12

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 38840, мөрдөн байцаалтын 2277 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 329 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 105 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 56, Өмчлөх эрхийн эсрэг 24, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 11, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 5, Авлига, албан тушаалын 3, Хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах болон мансуураалах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 2, Хүний амьд явах эрхийн эсрэг болон Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг тус бүр 1 хэрэг байна.  

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

Нийслэлийн прокурорын газраас дүүргийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.М нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй нэр бүхий иргэдийг ажилд томилж, ажил үүрэг гүйцэтгээгүй байхад цалинг бэлнээр олгож, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Тээврийн прокурорын газраас галт тэрэгний машинч Ч.Э, туслах машинч Б.З нар нь хөдөлгөөний аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг зөрчсөний улмаас замаас гарч осолдон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт 117 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хөдөлгөөнд аюул учруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Говь-Алтай аймгийн прокурорын газраас сумын засаг дарга А.А нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдэд сонгон шалгаруулалт хийлгүйгээр нэр бүхий иргэдэд санхүүжилтийг олгож, бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

Дархан-Уул аймгийн прокурорын газраас тус аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын албан тушаалтан Б.Ө нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын сургалтын заалыг бусдад түрээслэхдээ гэрээ байгуулалгүйгээр төлбөрийг хувьдаа захиран зарцуулж, өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658168
0 эможи

keyboard_arrow_up