Ө.Батзул агсны гэр бүлд зориулсан дансанд 88 сая төгрөг цугларчээ
Улсын начин Ө.Батзул зуурдаар таалал төгсөж, түүний ар гэрт зориулж хандивын данс нээгээд байсан юм.
Тэгвэл энэхүү хандивын дансанд 88 сая төгрөг цугларчээ. Тиймээс хандивын аяныг санаачлагчид дараах мэдэгдлийг хийжээ.
Мэдэгдэлд "Монгол бөхөө дээдлэгч, бөхөнд хайртай түмэн олон болон түүнийг дэмждэг, хайрладаг хэн бүхэндээ буяны аянд нэгдсэнд тань талархсанаа илэрхийлье. Талийгчийнхаа үр хүүхэд, гэр бүлд нь зориулан сэтгэлийн дэм өргөсөн нийт монголчуудын маань буяны хандив 88 сая хүрчээ. Энэхүү түмэн олны маань сэтгэл шингэсэн хандив гэр бүл, үр хүүхдийн нь ирээдүйд багахан ч гэсэн итгэл найдвар, гэрэл гэгээ гийгүүлэх болтугай. Аяныг эхлүүлсэн бидний хувьд энд хүрээд зогсоож байгааг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээжээ. Харин улсын начин Ө.Батзул агсны гэр бүлээс “Бидэнд тохиолдсон одоог хүртэл итгэж чадамгүй гэнэтийн, энэ их уй гашууг хуваалцсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархлаа. Халуун сэтгэлийн аянг санаачилсан дүүгийнхээ эрхэм найзуудад баярлалаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай" хэмээжээ.