Усанд живсэн хоёр иргэнийг эрэн хайж байна
Хоёр иргэн усанд осолдсон дуудлагын дагуу Онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.
Тодруулбал, Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) сумын 6 дугаар багийн “Задгай”-д Хэрлэн голын усанд нэг хүн живсэн тухай дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 12:24 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг энэ сарын 4-ний өдрийн 05:00 цагт эхлүүлсэн аж.
Анх осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр эрэг” гэдэг газар хүртэл 50 км зайд гурван удаагийн давтамжтай хоёр завиар урсаж, 2.5 метрийн гүнд гурван удаагийн шумбалт хийн зохион байгуулан ажиллаж, 20:00 цагт түр зогсоосон байна. Үргэлжлүүлэн эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2024.08.05/ 05:00 цагт дахин эхлүүлжээ.
Мөн Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Тэнгис” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км/-т “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч хоёр хүн нь эсэн мэнд гарч, нэг хүн нь осолдсон тухай дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 19:08 цагт хүлээн авчээ. Улмаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар энэ сарын 3-ны өдрийн 20:44 цагт ангиас гарч, Цагааннуур суманд энэ сарын 4-ний өдрийн 10:50 цагт очсон аж. Алба хаагчид цааш завьтай явж анх осолдсон газарт 15:02 цагт очиж уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 20:37 цагт түр зогсоож, өнөөдөр 06:00 цагт дахин эхлүүлжээ.