Ч.Бямбажаргал: Даншиг наадмын үеэр балин урлалын тэмцээнийг зохион байгуулна
“Даншиг наадам-Хүрээ цам”-ын зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан өнөөдөр Хангарди ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг таван настай байхад нь Монголын бурхан шашны тэргүүнээр залж, Ширээт цагаан нуурт даншиг наадмыг зохион байгуулсан байдаг.
Даншиг наадмын зэрэгцээ тасраад байсан цамыг дэглэж байв. Бурхны шашин, тэр тусмаа тарнийн ёсны шашин дэлгэрсэн газруудад цам гарах нь элбэг.
Төвөд, Непал, Бутан тэргүүтэй цам дотроо хүрээ цам нь өөрсдийн ялгамжтай, монгол ахуйгаа харуулсан. Тухайлбал дөрвөн уулын савдгаа оруулсан байдаг.
Цам харайхдаа зүгээр бурхдын хувцас, бурхдын дүртэйгээр гарч бүжиглэдэггүй. Энэ бол хэдэн сарын бэлтгэл ажил.
Цамыг дотоод, гадаад, нууцын гэж гурав ангилдаг. Долдугаар сарын 30-ны өдөр дотоод цам эхэлдэг.
Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд гурван өдрийн хурал хурж, дотоод цам болох голлох цамын таван даамал нь өөр өөрсдийн цам бүжгээ дотооддоо хийдэг.
Даншиг наадмын үеэр балин урлалын тэмцээнийг зохион байгуулна.
Мөн Өндөр гэгээн Занабазарын зохиосон цагийг тохинуулах ерөөлийг Гандантэгчэнлин хийдээс олон тоогоор хэвлэж, нийт лам хувраг, сүсэгтэн олон бүгд уншихаар төлөвлөж байгаа" гэлээ.