“Маргааш төвийн аймгуудын нутгаар гэнэтийн аадар бороо орно“
Онцгой Байдлын Ерөнхий Газраас/ОБЕГ/ өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, усны ослын тохиолдол, үер, усны нөхцөл байдал, ирэх өдрүүдийн цаг агаарын төлөвийн талаар мэдээлэл өглөө.
Тус газрын Урьдчилсан сэргийлэх газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Т.Ууганхүү "Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр долдугаар сарын 20-ноос төвийн аймгуудын ихэнх нутгаар гэнэтийн аадар бороо орно.
- Долдугаар сарын 21-нд төв, зүүн аймгуудын нутгаар
- Долдугаар сарын 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар гэнэтийн аадар бороо орно.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар халж байгаа тул бороо орж эхлэхдээ ширүүн, усархаг байх магадлал өндөр.
Гэнэтийн түр зуурын борооны өмнө салхины хүч огцом ихсэх, аянга цахилгааны аюул дагуулдгийг иргэд анхаарах хэрэгтэй.
Долдугаар сард монгол орны нийт нутгаар, наймдугаар сард төв, зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу бороо төлөвтэйг Цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа.
Энэ жил олон аймаг, сумын ой тохиож иргэдийн хөдөлгөөн их байгаа учир цаг агаарын мэдээллийг авч хэвшихийг сонордуулж байна" гэж ярилаа.
Цаг уурын байгууллагаас маргааш өдөртөө Хөвсгөл, Булганы нутгаар, 21-нд Төв аймгийн нутгийн хойд, Сэлэнгэ аймгийн нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтий болон Сүхбаатар аймгийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.