Дөлгөөн нуур орчимд могой орж ирсэн тохиолдол бүртгэгджээ
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Дөлгөөн нуур орчимд энэ сарын 6-нд могой орж ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Могой хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламж, айлын хашаа, хүүхдийн зуслан зэрэг хүнтэй ойр газруудад байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Хэрэв могойтой таарвал нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005, Нийслэлийн Байгаль Орчны Газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх, хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах ёстойг мэдээллээ.
Бага насны хүүхдүүд могойг олс гэж андуурах зэргээр таньж мэдээгүйн улмаас хатгуулж гэмтдэг байна.
Хэрэв могойд хатгуулсан тохиолдолд
- Хөл, гар хавдахаас өмнө зүүж байгаа гинж, бөгж, цаг, гутал зэргийг тайлах
- Шархыг нэмж зүсэх, сорох, мөсөөр жин тавих, өвчин намдаах эм уухгүй байх.
Бамбай хоншоорт могой нь Монгол орны бүх нутгаар элбэг тархсан хортой могой.
Ерөнхий шинж:
- Биеийн урт 70 орчим см
- Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
- Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
- Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
- Хүүхэн хараа нь босоо.
- Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.