С.Шаарийбууг Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон,медаль хүртээв.
Энэ үеэр Монгол Улсын Их Сургуулийн Мэдээлэл технологийн сургуулийн багш, зөвлөх профессор С.Шаарийбууг Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа. С.Шаарийбуу нь боловсролын салбарт олон жил үр жил бүтээлтэй ажилласан эрхэм юм.
Үүнээс гадна одоогоос 19 жилийн өмнө Малайз улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн аав гэдгээр нь олон нийт түүнийг мэддэг. Охиныхоо амиа алдсан хэргийн араас 16 жилийн турш тууштай явсны эцэст тус улсын шүүхээс уг хэрэгт холбоотой этгээдүүдийг буруутган, түүний нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргасан билээ. Гэвч хэргийн гэм буруутан давж заалдах шатны шүүхэд хандсан тул уг хэрэг одоогоор эцэслэгдээгүй байгаа юм.