Туул, Дунд голд живж нас барсан хоёр хүний цогцсыг гаргажээ
ОБЕГ-ын алба хаагчид өчигдөр голын усанд живж нас барсан тухай хоёр дуудлагын дагуу ажиллажээ. Иргэд та бүхэн голын усны түвшин их байгаа энэ үед амарч зугаалахдаа анхаарал болгоомжтой, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа алдахгүй байхыг анхааруулж байна.
- Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх "Дэлгэрэх" хотхоны урд талд Дунд голын гүүрэн доор голын усанд нас барсан хүн байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэсээс долоодугаар сарын 2-ны 10:30 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:42 цагт очиход нэр, нас, хүйс тодорхойгүй цогцос голын дунд хэсэгт байсныг 5 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
- Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний баруун талд Туул голын эрэг дагуу амарч явсан эмэгтэй "бие засна" гэж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг долоодугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан 15:16 цагт очиж иргэн С/65 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2 метрийн гүнтэй урсгал усанд шумбалт хийж, голын усаар завьтай зохион байгуулж анх алга болсон газраас 1 км зайд голын усанд живж нас барсан байдалтай голын салаанд гарч ирсэн байсныг 16:38 цагт цогцсыг олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.