ГТЭ: СУВИЛАГЧ МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ГАДААД СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА
Люксембургийн Их гүнт улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн тав дахь шатны төсөл болох “Монгол улс дахь Зүрх судлал, зүрхний мэс засал ба телемедицин” МОН007 төсөл Улсын гуравдугаар төв эмнэлэгт төвлөрөн хэрэгжиж байгаа билээ.
Тус эмнэлэг дээрх төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах хүрээнд зүрх судасны өвчний үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, сувилагч мэргэжилтний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сувилагч мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад тасралтгүй хүчин чармайлт гарган өнөөдрийг хүртэл нийт 50 гаруй сувилагч мэргэжилтэнг гадаадын өндөр хөгжилтэй улс оронд урт, богино хугацааны сургалтад үе шаттайгаар хамруулаад байна.
2024 оны эхний хагас жилд БНТУлсын Каясери хотын Erciyes Universitesi Tip Fakultesi Их сургуулийн эмнэлэгтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зүрх судас, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн чиглэлээр 5 багийн 22 сувилагч мэргэжилтэнг онол дадлага хосолсон сургалтад хамруулан чадавхжууллаа. Энэ сургалтыг мөн хойшид үргэлжлүүлэн ирэх 9 дүгээр сард 2 ээлжээр 10 сувилагч мэргэжилтэнг хамруулахаар төлөвлөн бэлтгэл хангаж байна.
Гадаадын өндөр хөгжилтэй орны сургалтад хамрагдсан дээрх сувилагч мэргэжилтнүүд сурч мэдсэн зүйлсээ мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцахын зэрэгцээ сувилахуйн технологи хийгээд гадаадын эмнэлгийн байгууллагын үйлчилгээний стандарт, тэргүүн туршлагаас өөрийн эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байна.